Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх хэрэгт буруутгагдан хоёр жил гаруйн хугацаанд шалгуулж буй Н.Золжаргалд холбогдох шүүх хурал энэ сарын 13-ны өдөр болсон билээ.
Гэвч шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөл ирээгүй учраас хуралдааныг энэ сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан байдаг. Тэгвэл энэ сарын 28-наас эхлэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал эхэлж, гурван өдөр уг асуудлыг маш нууцын зэрэглэлтэй хаалттай хэлэлцлээ. Улмаар, өнөөдөр шүүх албан ёсны шийдвэрээ гаргажээ.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Хэргийг эргэн сануулвал, Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган шалгаж эхэлсэн билээ.