ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Номтойбаярын хилээр гарах эрхийг хязгаарлажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-03

Нийслэлийн Прокурорын Газраас УИХ-ын гишүүнээс түр түдгэлзээд буй Н.Номтойбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан билээ. 

Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор УЕП-ын газраас Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авахуулахаар ирүүлсэн аж.

Прокурорын саналтай хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч баасан гарагт буюу нэгдүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. Улмаар Н.Номтойбаярт шүүх хурал болсон өдрөөс буюу 31-ний өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр гарахыг түүнд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал хязгаарлахаар шийдвэрлэжээ.