ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нарангэрэл: Дархан-Уул аймгаас сэжигтэй тохиолдол илэрсэн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-05

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдал  хэрхэн байгаа талаарх ээлжит хэвлэлийн бага хурлаа зохион байгууллаа. Тэдний мэдээлж буйгаар хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 24,483 хүн шинэ коронавирусийн халдвар авч, 426 хүн нас барсан аж. Харин нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар зургаан тохиолдол шинээр нэмэгджээ.

Халдваруудаас дүн шинжилгээ хийж үзэхэд эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа  гэв.  Халдвар нэг сартайгаас эхлээд 99 нас хүртэл бүх насанд бүртгэгдээд байгаа аж.

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгдсэн учир шинэ коронавирусийн халдвар гарах эрсдэл өндөр байна.  Уг  өвчний халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид зөвлөсөөр байтал  өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн. Тухайн иргэн өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандсан нь сайн.   Гэвч  иргэд өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх зөвлөмжийг дагах хэрэгтэй байна.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд: 2020 оны нэгдүгээр сарын 7-ноос өндөржүүлсэн байдалд шилжин ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлийн зөвлөгөө, албан даалгавар өгч ажилласаар байгаа. Мөн тодорхой давтамжтай хяналт, шалгалтыг явуулж байгаа.

Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон энэ хугацаанд хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, хариуцлага алдсан нэг аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан. 

Мөн хүнсний аюулгүй хангахад анхааран ажиллаж,  эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй 15 нэр төрлийн 1,166 ширхэг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч, устгасан. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Сэжигтэй тохиолдлуудын хариу бүгд сөрөг гарсан. Хамгийн сүүлд хоёр хүн ирж, ХӨСҮТ-ийн 50 ортод хэвтэж шинжлүүлж байгаа. Хариу нь маргааш гарна. Японы оношлуураас гадна ДЭМБ-аас өгөх 3000 оношлуурын эхний 500 нь ирэх долоо хоногт ирнэ гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Тусгаарлагдсан хүмүүс хаана байрлаж байгаагаас хамаарч тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.