ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Одбаярыг Цэцийн гишүүнээс эгүүлэн татах ёстой гэлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-05

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр БНСУ-ын “KL” онгоцоор зорчиж явахдаа үйлчлэгч бүсгүйн биед хүрч, бэлгийн дарамт учруулсан гэх хэргээр тус улсад багагүй хугацаанд саатуулагдсан билээ. Түүнийг удаан хугацаанд шалгаж, байцаасны эцэст монгол мөнгөөр 20 сая төгрөгөөр торгож, “Кореан Эйр”-ийн онгоцоор бүх насаараа зорчих эрхийг нь хязгаарласан юм. 

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-аас ирсэн даруйдаа “Би хэлмэгдсэн. Элэг нэгт монгол хүнээ өмөөрсний төлөө намайг гүтгэсэн. Өндөр албан тушаалтай учраас тэдэнд өгөөш болсон” хэмээн ярилцлага өгөөд Цэцийн даргын суудлаас огцорч, харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэвээр үлдсэн юм.

Тэгвэл өнөөдөр Төрийн ордны баруун талд иргэний нийгмийн хөдөлгөөн, ТББ-ын төлөөллүүд болон иргэдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярт хариуцлага тооцож, Цэцийн гишүүнээс чөлөөлөх ёстой хэмээн шаардлага хүргүүлэхээр цуглажээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон Үндсэн хуулийн цэцэд албан шаардлага хүргүүлэхээр болжээ. Тэдний хувьд гэм буруугүй юм бол баримтаа ил болгох, хэрвээ гэм буруутай бол БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдээсээ албан ёсоор уучлалт гуйж, Цэцийн гишүүнээсээ татгалзах, эс бөгөөс холбогдох албан тушаалтнууд нь эгүүлэн татах ёстой гэж үзжээ.

Эдгээр иргэд асуудалд холбогдсоноос хойш хэд хэдэн удаа жагсаал цуглаан хийсэн бөгөөд албан бичиг ч өгсөн аж. Гэтэл хариуд нь "Өдрийн сонин"-ы хайчилбар дээр "Ард түмнээсээ уучлалт гуйж байна" гэсэн өгүүлбэр байсныг тодруулж будаад жагсагчдад өгсөн аж.