ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлаа өчигдөр зохион байгууллаа. Тэдний мэдээлж буйгаар хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 24.483 хүн шинэ коронавирусийн халдвар авч, 426 хүн нас барсан аж. Харин нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар зургаан тохиолдол шинээр нэмэгджээ. Халдваруудаас дүн шинжилгээ хийж үзэхэд эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа гэв. Халдвар нэг сартайгаас эхлээд 99 нас хүртэл бүх насанд бүртгэгдээд байгаа аж. Албаны хүмүүс дараах тайлбарыг өглөө.
Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгдсэн учир шинэ коронавирусийн халдвар гарах эрсдэл өндөр байна. Уг өвчний халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид зөвлөсөөр байтал өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн. Тухайн иргэн өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандсан нь сайн. Гэвч иргэд өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх зөвлөмжийг дагах хэрэгтэй байна. Сэжигтэй тохиолдол бүртгэгдэх эрсдэлтэй гэдгийг иргэд байнгын сонор сэрэмжтэй байх шаардлагатай гэж ойлгох хэрэгтэй. Өдөрт 300 гаруй монгол хүн урд хөршөөс ирж байгаа. Энэ хугацаанд 6000 гаруй хүн зорчиж ирлээ
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд: 2020 оны нэгдүгээр сарын 7-ноос өндөржүүлсэн байдалд шилжин ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлийн зөвлөгөө, албан даалгавар өгч ажилласаар байгаа. Мөн тодорхой давтамжтай хяналт, шалгалтыг явуулж байгаа. Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон энэ хугацаанд хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, хариуцлага алдсан нэг аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангахад анхааран ажиллаж, эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй 15 нэр төрлийн 1.166 ширхэг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч, устгасан.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Сэжигтэй тохиолдлуудын хариу бүгд сөрөг гарсан. Хамгийн сүүлд хоёр хүн ирж, ХӨСҮТ-ийн 50 ортод хэвтэж шинжлүүлж байгаа. Хариу нь маргааш гарна. Японы оношлуураас гадна ДЭМБ-аас өгөх 3000 оношлуурын эхний 500 нь ирэх долоо хоногт ирнэ гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Тусгаарлагдсан хүмүүс хаана байрлаж байгаагаас хамаарч тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Өвчилж буй хүмүүсийн насны хувьд 87 хувийг 30-79 насныхан эзэлж байгаа бөгөөд халдвар нэг сартайгаас 97 насны бүх хүмүүсийг хамарсан. Нууц үе 6.1 хоногтой байна. БНХАУ-аас бусад оронд гарсан халдвар нь халдварын бүсээр аялснаас үүдсэн байгаа. Тиймээс халдварын голомттой бүс нутгаас ирсэн хүн 14 хоног өөрийгөө тусгаарлаж ажиглаж, дэглэм сахихыг зөвлөлөө.
Мөн үдээс хойш Орхон аймаг болон БНСУ-аас ирсэн хоёр иргэнээс сэжигтэй тохиолдол илэрсэн талаарх мэдээлэл цахим орчинд гарсан юм. Тодруулбал, Орхон аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвд нэгэн иргэн “Ухань хотоос нэгдүгээр сарын 27-ны өдөр ирсэн” хэмээн ханджээ. Энэ талаар ЭМЯ-аас тодруулахад, “Тийм байх боломжгүй. Учир нь, нэгдүгээр сарын 23-нд хил хаасан. Одоогоор тухайн иргэний биед ямар нэгэн зовуурь байхгүй. Тиймээс сэжигтэй тохиолдол гэж үзэхгүй ч асуумж авч, тандалт судалгааг хийж байна” гэлээ. БНХАУ-тай хиллэдэг орнуудад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдэж, бүгд Ухань хотод аялсан өгүүлэмжтэй байгаа тул халдвар зөөвөрлөгдөж орж ирэх тэр дундаа нууц үедээ зөөвөрлөгдөх эрсдэлтэй байна. Ийм шалтгаанаар ХӨСҮТ гурван иргэнд шинжилгээ хийсэн. Бүгд БНСУ-аар дамжин ирсэн хүмүүс байгаа. Шинжилгээний хариу маргааш /2020.02.06/ гарна. Цахим орчинд гарч байгаагаар Дархан-Уул болон Завхан аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэж мэдээлж болохгүй. Завхан аймгаас нэгдүгээр сарын 29-нөөс хойш есөн сорьц ирснээс таваас нь ямар нэгэн вирус илрээгүй. Харин дөрвөөс нь томуугийн таван А хүрээний вирус илэрсэн. ДЭМБ-аас БНХАУ руу явдаг ойрын 21 хоногтоо зорчихгүй байх зөвлөгөө өгч байгаа. Энэ зөвлөмжийг дагах, хэрэв аялсан бол халдварын нууц үе дуустал өөрийгөө тусгаарлах шаардлагатай байна” гэдгийг онцгойлон анхаарууллаа.
Харин сэжигтэй хэмээн бүртгэгдсэн БНСУ-аас ирсэн иргэдийн хувьд тусгаарлан, хянаж байгаа аж. Тэд өөр, өөр өдрийн нислэгээр иржээ.