Дэлхийн 26 улсад тархсан шинэ төрлийн коронавирусээр 20 мянган хүн өвдөж, 426 хүн амиа алдаад байна. Монгол Улсад хэдийгээр энэхүү вирус орж ирээгүй ч дэлхийн газрын зураг дээр манай улсыг “сэжигтэй” хэмээн улбар шараар тэмдэглэв. Учир нь Монгол Улсын хилийг тойроод бүх улс орнуудад илэрчихсэн учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тултал хийгээд ч тээвэрлэж орж ирэх эрсдэл тэр хэрээр нэмэгджээ гэсэн үг. Гэтэл вирус дэгдэж эхэлсэн эхний хэдхэн өдөр шаагилдаж, шуугисан монголчууд төр засагтаа найдаад энэ талаар мартаж эхлэх нь тэр. Нийт нийгмээрээ маск зүүж байснаа “вирус дэгдээгүй ээ” гэх мэдээлэл өгсөн даруйд л хаа таарсан газраа хаяцгааж, гадуур үр хүүхдээ дагуулан “тэнэж” эхлэв. Ингэж болохгүй ээ, монголчууд аа. Дэлхий нийтээр вирусийн идэвхжил улам бүр дэгдэж байна. Эдгэрсэн хүний тоо 1000-д хүрсэн ч өвчилсөн хүмүүсийн тоо улам бүр л хурдацтай нэмэгдэж байгаа.
Агаар дуслын замаар, өвчтөнтэй 1-2 метрийн зайнд ойртсон, мөн ханиаж найтаасан гараараа бусдад хүрсэн бол халдварлаж байгаа учраас хаа, хаанаа анхаарал сэрэмжээ алдмааргүй байх юм. Тиймээс Улсын онцгой комисс хүртэл уламжлалт цагаан сарын баярыг цомхон хүрээнд буюу гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх ёстой гэж шийдвэр гаргалаа. Тэгэхээр сэрэмжээ огтхон ч алдахгүй байж, мөн үр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө өдөр бүхэн л хичээмээр байна, хэдүүлээ. Гэртээ ариутгал хийж, өдөр бүхэн агаар сэлгэж, хүүхдүүдийнхээ дархлааг маш сайн дэмжээрэй. Мөн зайлшгүй шаардлага гараад аав, ээж, ах дүүгийнхээрээ орж золгодог юм гэхэд хүүхдээ бусдад битгий үнсүүлээрэй гэж уриалж байна. Тэр тусмаа 0-9 насны хүүхдүүдийн дархлаа бүрэн тогтоогүй учраас ганцхан коронавирус ч бус бусад томуу, томуу төст өвчнөөр өвдөж мэднэ.
Тэгэхээр бяцхан үрсийнхээ төлөө энэ соёлыг гэр, гэртээ, ах дүүгээрээ ягштал мөрдмөөр байх юм. Мөн гадуур явахдаа бээлий өмсөх, эсвэл гараа хоёр цаг тутамд ариутгах, шаардлагатай л биш бол гар барьж мэндлэхээс аль болох татгалзсан ч болохгүй юм алга. Хүний алга хамгийн их нян тээгч. Хэчнээн ариутгаж, цэвэрлэсэн ч хүрэх төдийд л нян тээгч болон хувирдаг. Тиймээс толгой дохиж мэндлэх, гар барихаас аль болох татгалзах гэх мэтээр маш энгийн дүрмийг дахиад ч ягштал мөрдөж сурах шаардлагатай байна шүү. Бид чинь аливаад асар хурдан дасан зохицдог, суралцдаг ард түмэн. Ийм зүйлийг ч амьдралдаа хэвшил болгоход их хугацаа зарцуулагдахгүй учраас хошуу дэвссэн үнсэлт тань таны болон бусдын үр хүүхдэд аюул дагуулах вий гэдгийг ямагт санаж яваарай. Урин дулаан цаг ирж, цаг наашлахад үнсэж, тэврэх цаг зөндөө олдоно доо, бидэнд.
Б.Эрхэс