ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрээн хотоос 29 автобусаар 1780 монгол иргэн эх орондоо иржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-10

Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” шинэ корона­вирус 2019 nCoV-ийн  халд­вараас урьдчилан сэр­гий­лэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гар­гасан шийдвэрийн хэрэг­жил­тийг зохион байгуулах сал­бар хоорондын үйл ажил­ла­гааг уялдуулан зохи­цуу­лах, нэгдсэн удирдлагаар хан­­гах, хилийн боомтуудад хэрэг­жүүлж буй хариу арга хэм­жээ, бэлэн бай­дал­тай танилцаж, үүссэн нөх­цөл, тулгамдсан асууд­лыг шийдвэрлэх зорилго­той ажиллаж байна. Энэ хү­рээнд хоёрдугаар сарын 06-07-ны өдрүүдэд Дорно­говь айм­гийн Замын-Үүд боомт, Өмнө­говь аймгийн Гашуун­сухайт, Шивээхүрэн боомт болон Буянт-Ухаа боомтод ажиллалаа.

Тус бүлгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ болон Авто тээврийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн албан тушаалтнууд багтсан аж.

Замын-Үүд боомт

Хилээр нэвтрэх хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд, уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд 01.22-02.04 хооронд автозамаар нэвтэрсэн 6131 зорчигч, төмөр замаар нэвтэрсэн 1787 зор­чиг­чид нарийвчилсан хяналт, тандалт хийж, 463 ачаа­ны машин, зорчигч тээв­рийн 859 автомашинд ариут­гал халдваргүйтгэл хийжээ.

Мөн БНХАУ-ын Эрээн хотоос таван өдөр 29 автобусаар 1780 монгол иргэдийг татан авах үеэр нарийвчилсан үзлэг хяналт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийж нэвтрүүлсэн байна. Тус боомтын хувьд гол ачааллын үеийг амжилттай даван туулсан бөгөөд цаашид хязгаарлалтын хугацаанд хил дээрх байгууллага, баг бүрэлдэхүүнээрээ ажиллах бүрэн боломжтой, бэлэн байдлын нөөц, нэг удаагийн хам­гаа­лах хэрэгсэл, ариут­га­лийн 3-4 хоногийн нөөцтэй, тоног төхөөрөмж дутмаг, хуу­чирсан зэрэг асуудлууд бай­гаа аж. Боомтын шинэч­лэл­тэй холбоотойгоор Замын-Үүд боомт түр горимоор ажиллаж байгаа бөгөөд ариутгалын пункт, тусгаарлах байрыг буулгасан тул түр байр бэлтгэн ажиллаж байна.

Гашуунсухайт боомт

Гашуунсухайт боомтын хувьд эрдэс баялгийн тээвэрлэлт нэвтэрдэг бөгөөд коронавирусийн өвчлөлтэй холбоотойгоор тээвэрлэлт багасч өдөртөө дунджаар 110-120 орчим тээврийн хэрэгсэл хил нэвтэрчээ. 

Хил дээрх байгууллагын албан хаагчдын хамгаалах хувцас хэрэглэл, ариутгах материалын нөөц дуусч байгаа, албан хаагчид ур­тас­гасан цагаар, нэг ээл­жийн хувцастай ажиллаж байгаа бөгөөд нэг термокамертай, зөөврийн дулаан хэмжигчээр ачааны автомашины жолооч нарыг хэмжиж байна. Тус боомттой хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймагт коронавирусийн халд­вар бүртгэгдсэн, хилээр дамжин халдварлаж болзош­гүй, түүнчлэн тээвэрлэлт ер­дийн үеийнхээс 9-10 дахин буурсантай холбоотойгоор Хан­богд сумын эмнэлэг, “Цагаан хад” хөгжлийн гарц ТББ-ын зүгээс эрдэс баялгийн тээвэрлэлтийг хязгаарлалтын хугацаа дуустал түр зогсоох саналыг гаргаж байв. Тус боомтын хувьд мөн шинэчлэлийн ажил хийгдэж байгаа бөгөөд ариутгалын пункт ажиллахгүй, тусгаарлах байр нь халаалт, цэвэр, бохир усгүй байгаа талаар онцлов.

Шивээхүрэн боомт

Тус боомттой хиллэдэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймагт хэдийгээр өвчлөл гараагүй ч нүүрс тээвэрлэлт багасч өдөртөө 50-60 машин нэвтэрч байна. Бэлэн байдлын нөөц, хамгаалах хэрэгсэлийн хоёр хоногийн нөөцтэй, зориулалтын тусгаарлах байргүй, түр байдлаар гэр барьсан байна. Гурвантэс суманд нүүрс олборлолт хийдэг зарим компани ачилтаа зогсоон ажилчдаа амраагаад байгаа аж. 

Сумын Онцгой комиссийн зүгээс хил залгаа аймагт өвчлөл бүртгэгдээгүй хэдий ч нүүрс тээвэрлэлт 9-10 дахин багассан, аймгийн төвөөс алслагдмал газар тул өвчлөл гарсан тохиолдолд өндөр эрсдэлтэй, боомт дээр тусгаарлах байргүй, түр байдлаар гэр барьсан байгаа гэв. Сумын төв хүртэл 80 км зайтай, хүн ам олноор суурьшсан тул нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хязгаарлалтын хугацаа дуусах хүртэл түр зогсоох саналыг гаргаж байв.

Буянт-Ухаа боомт

Буянт-Ухаа боомтын хувьд олон улсын нислэгээр ирж буй зорчигчдод нарийвчилсан үзлэг хяналтыг хийж байгаа бөгөөд тусгаарлах байртай, бэлэн байдлын нөөц, хувийн хамгаалах хэрэгслийн нөөц багассан байна. “Шуурхай бүлэг”-ийг ахалсан, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хил дээр ажиллаж буй бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа сайтар хамгаалах хэрэгтэйг сануулж, эрдэс баялгийн тээвэрлэлтийг түр зогсоох санал болон боомт дээр ажиллах нөхцөл хүнд байгаа талаар Засгийн газарт танилцуулна гэв.

Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга шинэч­лэгдэж байгаатай хол­боо­той­гоор ариутгал халдваргүйтгэл, тусгаарлах байрны асуудал хүнд­рэлтэй, Шивээхүрэн боомт тусгаарлах байргүй бай­гаа хэдий ч хил дээрх хянал­тыг өндөржүүлэх, асуумж тандалт, үзлэг, халд­вар­гүйт­гэлийг сайтар хийх, байгууллагууд нягт хамт­ран ажиллахыг хилийн мэр­гэж­лийн хяналтын алба, хэлт­сийн албан хаагчдад МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан үүрэг болголоо. Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч, бүх нөөц бололцоогоо дайчлан асуудлыг шийдвэрлэж байна. Иймд бид бүх бололцоо, хүчин чадлаараа, өндөр зохион бай­гуу­лалтад манлайлан ажил­лаж, эрсдэлээс урьд­чилан сэргийлэх, таслан зогсоох шаардлагатай гэдгийг тэрээр онцгойлон анхааруулав.
Мөн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Замын-Үүд боомт дах Хилийн Мэргэжлийн хяналтын албанд тус бүр 10 ширхэг иж бүрэн хамгаалах нэг удаагийн хувцас хэрэгсэл, 100 ширхэг бээлий, амны хаалт, химийн бодисоос хамгаалах маск зэргийг энэ үеэр хүлээлгэн өглөө.