Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан дэлхий нийтээр онц байдал зарласан энэ үед хамгийн эрсдэл өндөртэй орноор Монгол Улсыг нэрлэчихээд байхад Онцгой байдлын комиссын гишүүд эзгүй байх юм. Халдварын тархалтыг харуулсан газрын зурагт Монгол Улсыг хүрээлсэн бүхий л цэгүүдэд халдвар бүртгэгдсэн байхад бид баяр тэмдэглэх эсэхээ ч шийдэж чадаагүй байгаа нь харамсмаар. Онцгой үед яаралтай шийдвэрийг цаг алдалгүй гаргах гэж л улс оронд Онцгой комисс гэж байдаг байлтай. Гэтэл өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, Цагаан сарын баярыг тэмдэглэх эсэх, хил дамнаж буй нүүрсний тээвэрлэлтийг хязгаарлах зэрэг хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэхээр хуралдсан боловч гишүүдийн дийлэнх нь байсангүй.
Тухайлбал, ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хотын захирагч С.Амарсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ХЗДХЯ-ны Төрийн бичгийн дарга Г.Билгүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нар хуралдаа суусангүй. Энэ хуралдаанаар уг нь халдвар илэрсэн тохиолдолд аль эмнэлгийг суллах, маскны хэрэгцээг дотоодоосоо хангаж чадах эсэх, шахмал түлшний барьцалдуулагч түүхий эдийн нөөц гэх мэт улс оронд тулгараад буй чухал асуудлыг хэлэлцсэн билээ. Гэвч эдгээр чухал шийдвэрүүдийг УОК-ийн дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бас бус албаны хэдэн хүмүүс л гаргалаа. Комиссын гишүүдийн дийлэнх нь эзгүй байх үед гарсан шийдвэрийг Улсын онцгой комиссын шийдвэр гэж үзэх ёстой юу. Улсын онцгой комиссын ажиллах журмын нэгдүгээр зүйлийн 1.5-д Комиссын хурал нийт гишүүдийн 50-иас доошгүй хувийн ирцтэй бол хүчин төгөлдөр болох бөгөөд хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж хар дээр цагаанаар бичсэн байх юм. Гэтэл “онцгой” үеийн онцгой комиссын хурал 50 хувьдаа хүрэх нь бүү хэл хоёр сайд сууж байгаад шийдвэр гаргаж байгаа нь хэр зохимжтой юм бэ. Хурал таслагчдын ихэнх нь өөр хуралтай, гадаадад томилолттой гэх шалтгааныг хэлжээ.
Дэлхий нийтийг айдаст автуулж, хоногт зуу зуун хүнийг авч одож байгаа аймшигт өвчний дэгдэлтийн үед хүн ардын эрүүл мэндээс чухал асуудал онцгой комиссынхонд баймааргүй юм. Тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин ч мөн хуралдааны өмнөх өдөр гадаадаас ирсэн гэх мэдээлэл ч буй юм. Ард түмэн нь эрсдэлд ороод буй энэ онцгой цаг үед онцгой комиссынхон хаана явна вэ. Тухайлбал, улс орон түлштэй байх эсэх нь Ц.Даваасүрэн сайдад хамгийн их хамаатай. Нүүрсний тээвэрлэлт сар орчим зогссон тохиолдолд эдийн засагт ямар дарамт ирэхийг Эрүүл мэндийн сайд биш Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хамгийн сайн мэднэ. Жолооч нарын ажилгүй сул зогсолт хийх хугацаанд цалинтай байх уу, цалингүй байх уу гэдэг нь ч Зам тээвэр, хөгжлийн сайдын танилцуулах асуудал. Гэтэл эдгээр гол хүмүүс нь байхгүй хурлаас гаргасан шийдвэрийг бид хэр бодитой, тооцол судалгаатай гэж хүлээн зөвшөөрөх вэ. Ард түмэн хүлээлтэд орчихлоо. Гаргасан шийдвэр нь албан ёсных мөн үү гэдгийг ч ойлгохгүй сууна. Тиймээс ҮАБЗ ч яаралтай хуралдаж, олон нийтийн хүлээлтийн хариуг өгнө үү.