Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-аар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, мал хулгайлсан тохиолдолд ногдуулах ялыг чангаруулсан юм. Зүйл, заалтуудыг нарийвчлан тусгаж, өмнө нь малын хулгайч торгуулах эсвэл аймгийн төвдөө очиж 7-14 хоног нийтэд тустай ажил хийгээд л эрх чөлөөтэй болдог байсан нь мал хулгайлах гэмт хэргийг “цэцэглүүлэх” гол шалтгаан байсан гэхэд болно. Бэлчээртээ тааваараа байсан бод малыг нь хулгайлж, эзгүй газар буудаж алсан гэх увайгүй, тэвчишгүй үйлдэл гаргасан этгээдүүдийн толгойг нь илээд өнгөрч байв. Хэзээ монгол хүн буянт малруугаа буу шагайж байлаа.
Муу муухай үйлдэл болгон тэднээс гарч, олон айлын хотыг харлуулж, нүдэндээ нулимстай үхсэн үхрийнхээ толгойг хараад зогссон малчин олон байсан. Одоо харин нуруу тэнийх хуультай болсондоо бахдаж сууна. Энэ парламентийн дөрвөн жилийн хугацаанд баталсан цөөхөн сайн хуулиудын нэг нь уг хууль байв. Хуулийн заалтаас зухасхан дурдахад, ердийн ангиллаар өнчин ишиг хулгайлсан ч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн зорчих эрхийг нь хязгаарлаж, зургаан сараас тав хүртэлх жил хорих ял ногдуулдаг байхаар хуульчилаад өгчихсөн. Харин хүндрүүлсэн нөхцөл нь 2-8 хүртэлх жилийн ялтай бол онц ноцтой гэж үзвэл түүнээс дээш жил ял эдлүүлдэг байхаар хуульчилсан юм. Ингэж хуулийг чангатгахгүй бол энэ төрлийн гэмт хэрэг хөдөөд ердийн үзэгдэл мэт болох шахсан. Аймаг, сум дамнаж хулгай хийх нь битгий хэл хажуу айлынхаа хоттой малд хуруугаа дүрж, хаяагаа хадардаг увайгүй үйлдэлд ч хуулийн заалтаар хатуухан арга хэмжээ авч, бусдад сургамж болсон байх. Хууль хэрэгжээд удаагүй ч малчдын санааг хамгийн ихээр чилээдэг малын хулгайн гэмт хэргийг бага багаар цэгцэллээ. Харин хотын иргэдэд нэг тулгамдсан асуудал байна, хууль хяналтынхаан.
Нийслэл хот, томоохон суурин газруудад их гардаг автомашин, тэдгээрийн эд ангийг хулгайлж, зардаг хүмүүс сүүлийн хэдэн жил үнэндээ л гаарлаа. Хулгайч нар өвлийн улирлыг “үүц бэлдэх цаг” гээд нэрлэчихсэн байх юм. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд автомашинаа камерын хяналттай, зориулалтын авто зогсоолд байрлуулах, автомашиндаа дохиолол суулгуулах зэргээр өөрөөс шалтгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөдөг. Гэтэл хашаандаа хяналтын камертай орон сууцны зогсоолд тавьсан машинд өөрийн юм шиг халдаж, хучлагыг нь сөхөөд хоёр толийг аваад явчих жишээтэй. Цонхийг нь хагалж, хаалгыг нь онгойлгоод доторх эд ангийг нь тухтай нь аргагүй үзчихээд, авч болохыг нь хамаад явна. Эзэн нь өглөө машиныхаа хучлагыг сөхөөд харахад машин нь “сэг” болчихсон дүр зураг цагдаагийн байгууллагад өдөрт хэдэн арваараа бүртгэгдэж байна. Эд анги хулгайлж наймаалцахаас гадна хулгайч нарын арга нь нарийсч өөрөө зарсан машинаа худалдаж авсан хүнийхээ хашаанаас тэр орой нь хулгайлаад Дорноговь аймагт аваачсан асуудал ч гарсан. Тиймээс хуулийн заалт, зохицуулалтаар энэ асуудлыг цэгцлэхгүй бол иргэд эд хөрөнгөөрөө хохирч, хар гартнуудыг өөгшүүлсээр байна.
Сүүлийн үед манай улсын автомашины зах зээлд “приус” маркийн машин ихээр орж ирж, түүнийг дагаад эд ангийг нь хулгайлах хэрэг ч нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Нэг үе толь, хучлага хулгайлах нь ихэссэн бол сүүлийн үед нүүрсэн янданг хулгайлах нь олширчээ. Учир юу гэвэл, олон нийтийн дунд “приус” маркийн автомашины нүүрсэн янданд цагаан мөнгө хэмээх үнэт металл агуулагддаг. Гэтэл түүнийг нь авах зорилгоор “приус” автомашины янданг хулгайлдаг гэсэн яриа нийтэд тархсантай холбоотой гэнэ. Гэвч нүүрсэн янданг худалдан авагчид нь үнэт металл гарган авах зорилгоор бус цааш нь үнэ нэмж, дамлан зардаг байна. Нэг янданг 200 мянган төгрөгрөөр худалдан аваад, цааш нь 400-600 мянган төгрөгөөр дамлан БНХАУ- руу хил давуулдаг талаар эх сурвалж мэдээлжээ. Гэтэл нүүрсэн яндангаа алдсан хохирогч үргүй зардал гаргаж үйлдвэрлэсэн оноосоо шалтгаалан 450 мянгаас нэг сая хүртэлх төгрөгрөөр дахин худалдаж авдаг байна. Энэ бол зөвхөн жишээ төдий. Автомашины эд, анги хулгайлж зардаг хүмүүс нь эрхэлсэн тодорхой ажилгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн 18-30 насны залуучууд түлхүү байгаа нь харамсалтай.
Өнгөрөгч 2019 онд улсын хэмжээнд хулгайлах гэмт хэрэг 8968 бүртгэгдсэн аж. Үүнээс бусдын эд хөрөнгийг хулгайлсан зөрчил 2670 орчим гарсан гэсэн тоон мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөв. Харин машины хучлага хулгайлсан хэргээр өнгөрсөн онд 871 хүнийг илрүүлж, баривчлах шийтгэл оногдуулсан бол 120 гаруй автомашин хулгайд алдагджээ.Үүний цаана илрээгүй хэрэг олноороо байгаа. Адгийн зарга 13 хоног гэгчээр цагдаа, шүүхээр явахаас халгаж хууль, хяналтын байгууллагад ханддаггүй иргэд их бий.
Хулгайч нар “үүц задлах цаг” гэж жиг жуг инээлдэх зуур олон иргэн эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Тэдэнд үйлчлэх хууль, хяналт ч алга гэхэд илүүдэхгүй биз. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, эсвэл хорих ялаар шийтгэдэг хуулийн заалттай аж. Гэтэл энэ хуулийн заалт төдийлөн хэрэгжихгүй байгаагаас болж машины эд анги хулгайлах гэмт хэрэг буурахгүй байна. Цагдаагийн байгууллага жил жилээр тодорхой хувиар буурсан гэж мэдээлдэг ч гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл алга. Нөгөө талаас хулгайч нарыг өөгшүүлдэг нэгэн заалт байдаг нь тухайн эд зүйлийн үнэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгт хүрэхгүй бол хохирлыг барагдуулж, хэргийг хаана гэсэн байдаг. Хэрэв олон удаагийн давтамжтай бол хэрэг нээдэг гэх. Өнөөдөр хэн нэгэн 250 мянган төгрөгөөр үнэлэгдэх толио алдчихлаа гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй гээд хэргийг хаах нь. Амьдралын боломжгүйгээсээ болж хулгай хийсэн хүн бусдын хохирлыг барагдуулах нь юу л бол. Хохирол барагдуулж чадахгүй луу унжсаар хуулийн цоорхой ашиглан хэргийг замхруулах хулгайч нар амташсан хэрээ 13 дахина гэдгийн үлгэрээр нөгөө үйлдлээ дахиад л давтана.
Хүний юманд зөвшөөрөлгүй гар хүрсэн л бол хулгай. Хүрсэн, авсан хүн нь хулгайч. Гэтэл манай улсад бараг нэр төдий. БНХАУ-д хулгай хийсэн хүний хурууг нь тасддаг юм билээ. Манайд хурууг нь тасддаггүй юм аа гэхэд ял, шийтгэлийг нь чангаруулах хэрэгтэй. Малын хулгайн гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцэж байгаа шиг автомашин, тэдгээрийн эд ангийн хулгайлдаг этгээдүүдтэй ч хатуу тэмцмээр байгаа юм. Цагдаагийн байгууллага “үүц бэлдэх цаг”-аар нь тэднийг саатуулъя. Өглөө машин зүгээр болов уу гэсэн айдастай халаглаж босмооргүй байна, хууль тогтоогчид оо.