-Компьютерээ асааж, цахим ертөнц рүү орох үедээ бид өөрсдийн ертөнцийн хаалгыг хаадаг-
Бодит амьдрал, цахим орчин гэх хоёр амьдралаар шинэ зууныхан бид амьдарч байна. Үүнийгээ бид хөгжил хэмээн тодорхойлно. Гэвч энэ хөгжил өдрөөс өдөрт та бидний бодит амьдралаас хумсалж, “хоосон” руу хөтөлнө. Энэ хоосонг харин соошл хэмээн нэрийдэж, хоосон орон зайн бүхэл бүтэн ертөнцийг бүтээжээ. Энэ муу юу гэвэл үгүй. Мөнгө төлөхгүйгээр өөрийгөө хормын зуур “од” болгож чадна гэдэг соошл сайтын давуу тал. Удаан уулзаагүй хамаатан садан, найз нөхөдтэйгөө алсаас холбогдож чадна гэдэг ч бас бидний амьдралд авчирсан шинэ дэвшил. Фэйсбүүкээр танилцаж, амьдралаа холбосон хосууд ч олон. Цахим сүлжээний бидний амьдралд авчирсан дэвшил их. Гэвч энд л мөнөөх тэнэглэл, туйлшрал, талцал маргаан, дураараа авирлалт, залилан, элдэв гэмт хэргүүд гардаг. Энд л оноо авах гэсэн хязгааргүй тэнэглэл, муйхарлалууд цэцэглэдэг. Бие биенийхээ нүд рүү хараад харилцах, дэлгэцийн цаанаас дураараа дургих хоёр өдөр шөнө шиг ялгаатай. Тийм ч учраас амандаа орсноор бие биерүүгээ дайрч доромжлох нь соошл ертөнцийн энгийн л нэг өдөр тутмын амьдрал. Хоёр хүний маргаанд хөндлөнгөөс орж, нийтээрээ хоёр тал болоод “тулалдана”.
Энэ ч бас хэзээний танил дотно болсон үзэгдэл юм. Гэтэл энэ бүх дасал, хэвшил биднээс юу авч, оронд нь юу үлдээж байна вэ гэдэг орхиж болохгүй сэдэв юм. Удаан уулзаагүй ээждээ ирчихээд утсаа маажиж суугаад буцах, хайртай хүнтэйгээ болзчихоод фэйсбүүкээр аялах, найзуудтайгаа автобусанд явахдаа чатаар харилцах... Айл гэрт амьд харилцаа байхгүй болж, гэр дотроо цахимаар харилцаж байх жишээтэй. Магадгүй хамгийн сүүлд хэзээ хэн нэгэнтэй өөд өөдөөсөө харж суугаад сэтгэлээсээ ярилцсанаа та мартсан ч байж мэдэх юм. Цахим орчин бидэнд ийм л үр дагаврыг үлдээж буй. Ерөөс бидний бүтээсэн энэ ертөнц таниас хүн байх чанарыг чинь хулгайлаад байна гэхэд хэтийдсэн болохгүй. Цахим ертөнц бол тэнэглэлийн талбар. Энд л хүмүүс мэддэггүй ч мэддэг юм шиг цэцэрхдэг. Дагаж дуурайж туйлширдаг. Танихгүй ч таньдаг юм шиг муулна. Дайрч давшилна. Нэг удаа ч үг сольж үзээгүй атлаа хэзээний мэддэг хүн шиг хэдэн үеэр нь доромжилно. Товчхондоо цахим орчин бол туйлшралын талбар гэхэд болно. Хэт туйлшралын энэ давалгаа биднийг өөрөөрөө сэтгэх сэтгэхүйгээс салгаад байх шиг. Бусдын үгээр аливааг дүгнэнэ. Олонхи ямар байр суурийг дэмжсэн байна, түүнийг дагаад л намирна.
Соошлчдод ер нь мэдэхгүй зүйл, сэвэхгүй сэдэв, оролцохгүй асуудал гэж байхгүй. Өнгөрөөсөн дуулиан ч гэж үгүй. Улс төр, эдийн засаг, урлаг спорт, араар тавилт гээд соошлчдын оролцохгүй сэдэв гэж байхгүй. Одон улсын харилцаа, их гүрнүүдийн бодлогоос эхлээд хоёр хүүхний тулга тойрсон хэрүүлд хүртэл оролцоно. Эхнэр нөхөр хоёрын гэр бүлийн хэрүүлийн төлөө улс даяараа хоёр тал болоод хэрэлдэнэ. Энэ үед ганцхан хоногийн өмнө эдийн засагч, эсвэл улс төр судлаач байсан хүн гэр бүл судлаач юмуу сэтгэл зүйч болж хувираад цэцэрхэнэ. Хэрүүлээс хэрүүл салбарласан тэр хүрээлэл цахим орчныг нэлд нь эзэгнэнэ. Өглөөхөн боксын тэмцээн үзэж бокс судлаач байсан бол нь орой нь Войс шоу үзээд урлаг судлаач болчихож байх жишээтэй. Сонгууль дөхсөн болоод ч тэр үү сүүлийн үед төрийн шийдвэр хүртэл соошл дахь давалгааны дагуу яваад байх шиг. Үүнд эрэмшсэн соошлчид хүчтэйгээ гайхаж, төрийн ажлыг бид хийж байна хэмээн цуурч байх юм. Ялихгүй юм шиг хэрнээ бидэнд сууж буй хамгийн аюултай хандлага энэ. Хэрэв соошл давалгаагаар төрийн ажил яваад эхэлбэл улс орны ирээдүй юу болох билээ. Энэ бүх тэнэглэл, цэцэрхэл, талцал туйлшралаас бидэнд үлдэж буй зүйл нь сураг төдийд итгэж, бусдын үгээр бүхнийг дүгнэх ядуухан сэтгэхүй л юм. Өөр юу ч биш.
Компьютерээ асааж, цахим ертөнц рүү орох үедээ бид өөрсдийн ертөнцийн хаалгыг хаадаг. Хамгийн сайхан дурсамжаа бусадтай хуваалцдаг ч сэтгэл хөдлөлөө дотроо үлдээдэг. Ганцаардлаас ангижрах гэж соошл ертөнцтэй найзалдаг хүн олон. Гэвч үнэн хэрэгтээ улам ганцаардмал болж, ойр дотныхноосоо нь хөндийрдөг. Бидний амьдарч буй хоёр ертөнцийн бодит нь алсарч, хоосон нь улам дөтөлсөөр...