Найзууд аа, та бүхэнд “хэлж ирдэггүй, хийсэж ирдэг өвчин” хил тойроод айлсаж буй энэ хүндхэн үед дор бүрнээ хувийн ариун цэврээ сахих талаар сайтар анхаарч буйд талархъя. Түүнээс гадна хувь хүн гэлтгүй олон нийтийн үйлчилгээний байгууллагууд ч дор бүрнээ ариутгал халдваргүйжүүлэлтээ хийж, чадах бүх арга хэмжээгээ авах нь зүйтэй болов уу. Тэдгээрийн дундаас нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниуддаа энэ удаа “Монголын мэдээ” сонин тусгайлан уриалга хүргүүлж байна. Өвчлөлийн өндөр эрсдэлтэй энэ үед нийтийн тээвэрт явж буй машин техникээ гадна, дотногүй сайтар угааж цэвэрлэе. Өдөр бүр ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисоор ариутгаж яагаад болохгүй гэж. Ядаж л суудлын бүрээсээ угааж, сольж байя. Зорчигч үйлчлүүлэгчид сэжиглэмээргүй цэвэрхэн орчинг бүрдүүлье.
Олон нийттэй харьцдаг, хүнд хөдөлмөр хийдэг жолооч нартаа ч амны хаалт зүүлгэж байя. Тэднийгээ ч бас хамгаалъя. Нийтийн тээвэрт явж буй унаанд орох, гарах хэсэгт гар ариутгах бодис байрлуулж яагаад болохгүй гэж. Энэ асуудлыг хариуцсан дарга нар минь үүнийг шийдэхэд мөнгө гэхээсээ илүүтэй сэтгэл л хэрэгтэй санагдана. Сэтгэл байгаа газар багахан хөрөнгөөр ихээхэн ажил хийж болдог л доо. Ядаж л өвчлөл ихтэй энэ цаг үеийг намжтал дарга цэрэг, төр иргэн, байгууллага хувь хүн гэлтгүй хэдүүлээ дор бүрнээ хичээцгээе. Цаашдаа хэвшил болчихвол бүр аятай юу. Шийдэх ёстой хариуцсан эзэн нь шийдлээ гаргаад, хийх ёстой ажилтан нь хийсэн шиг хийгээд, үйлчлүүлж буй иргэд ч эрх, үүргээ ухамсарлаад нэг улсын иргэд шиг эв хамтаар эл цаг үеийг эрсдэл багатай давцгаая.
Б.Бундхорол