Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Яаралтай түргэн тусламжийн утсанд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт найман дуудлага ирсэн. Зургаан хүүхэд, таван том хүн зөвлөгөө аваад гэртээ буцсан. Өнөөдрийн байдлаар нэг том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дуудлагын шалтгаан нөхцөл нь яндан намхан, шахмал түлшийг дүүртэл хийсэн гэсэн шалтгаанаар хордлогод орж, дуудлага өгчээ. Мөн өчигдөр олон нийтийн сүлжээгээр нэгэн эмэгтэй худал мэдээлэл цацсан. Уг мэдээлэлд “манай найзын дүү Нийслэлийн онцгой комисст ажилладаг. Дайны байдалд шилжиж байна. Хүнсээ базаагаач ээ. Хөвсгөл аймагт гарсан халдвар авсан нь тогтоогдсон” гэсэн ноцтой мэдээлэл цацсан. Дайн бүхий бэлэн байдалд шилжлээ гэдэг нь худал мэдээлэл. Худал мэдээлэл цацсан этгээдийг Тагнуул, цагдаа тодруулаад газар орны байршлыг тогтоочихно. Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Үүнтэй холбоотой Засгийн газрын тогтоол гарч байгаа. Энэ дагуу НОК нээлттэй хуралдаж, ямар төлөвлөгөөгөөр ажиллах талаар нээлттэй хуралдсан. Цагаан сарыг өргөнөөр тэмдэглэхгүй, зах худалдааны төвийг хаахгүй. Дээрээс нь онц байдал зарлаагүй. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт өнөөдрөөс эхэлж тодорхойгүй хугацаагаар шилжиж байна. Айж сандраад байх юм байхгүй. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ гэдэг нь улс орны хэмжээнд болон хэсэгчилсэн байдлаар шилжиж байна. Зарим аймгууд хоёрдугаар сарын 13-наас өмнө шилжсэн. Тухайлбал, Өмнөговь, Хөвсгөл, Баян-Өлгий гэх мэт.
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ гэдэг айж сандрах зүйл биш. Болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэх, аж ахуй нэгж байгууллагууд хэвийн ажилладаг түвшнээс арай өөр бэлэн байдалд буюу тусгай горимд шилжиж ажиллах зэргийг хэлж байгаа юм.
Тухайн улс орон гамшиг, халдварт өвчинтэй тэмцэх нөөц хүч, техник хэрэгслээ бэлэн байдалд оруулахыг хэлж байгаа юм. Сандрах зүйл байхгүй. Манай улсад халдвар бүртгэгдээгүй. Төр засгийн болон тухайн нийслэл, аймаг сум дүүргээс гарч буй шийдвэрийг хэрэгжүүлэн амны хаалт, бээлийгээ өмсөх хэрэгтэй.
Мөн 120 мянган угаарын хийн мэдрэгч энэ сард ирэх боломжгүй. БНХАУ тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоосон байгаа учраас хоёр сардаа ирэх боломжгүй” гэлээ.