Титэмт вирусын тархалт, өвчлөгсөд, нас барагчдын тоо нэмэгдсээр. Улс орнууд аргаа барж байна. Одоогоор үр дүнтэй вакцин гарсан гэж дуулдсангүй. Гагцхүү монголчууд л шидэт үрэл гаргана гэнэ. Шинэ коронавирус буюу титэмт вирус Монголд орж ирэхгүй байгаагийн шалтгаан нь тэнгэр заяат монголчуудаас айсных юм гэнэ билээ. Цас орж шуурлаа.
Тэнгэр заяатай гэдэг нь батлагдаж мөнх хөх тэнгэр биднийгээ ивээж, цасан шуурга хойноосоо урагш шуурч, тэр вирусыг урагш нь буцаагаад хөөчихлөө. Гандан хийдийн лам нар маань шидэт үрэл гаргаж ирээд сүсэгтнүүдэд тараана гэнэ. Оочер нь дийлдэхгүй болчихвий гэж айж сандраад эхэлчихлээ. Шидэт үрэл хийх гээд хамаг ажлаа хаяад, гандан хийдээ ч цэвэрлэж амжихгүй байгаа юм билээ, хөөрхий. Хижиг мэтийн халдварт өвчнүүдийг нам дардаг үрлийг ууж идэхгүй хувцаснаасаа зүүчихээд л явж байхад вакцин цаашаа болно гэсэн.
Энгэртээ зүүх үрэл үйлдвэрлэж байхаар гандангийнхаа хэдэн хүрдийг цэвэрлээсэй гэж зарим нь шүүмжилж байна. Цэвэрлэж яах юм. Маргааш нь дахиад л тоос шороо болж хир даг болохоос цааш тэгж цаг заваа дэмий юманд үрэх хэрэггүй. Хэдэн лам нар шидэт үрлээ гараараа хийнэ үү, хөлөөрөө хийнэ үү, үрэл гаргаж л байвал юугаар ч хийсэн яахав.
Харин хурдан л хийгээрэй. Номын хүч шингээсэн үрэл шидтэй л байж таарна. Үрэлнээс нь ганцыг ч болтугай олж авах минь. Юмыг яаж мэдэх вэ. Тоотой хэдхэнийг хийнэ гэж масктай лам хэлсэн. Ар өврийн хаалгаар гүйж байгаад олж авахыг л бодно доо. Зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам таргалдаг гэж үг ёстой худлаа шүү. Дайсны суманд оногддоггүй сахиус бүтээж байсан шарын шашны лам нарынхаа хүч чадалд нэг удаа найдаад үзвэл яана гэж.
Үрлээ зүүгээд шинэлдгээрээ шинэлээд, золгодгоороо золгоод л явчихъя. Лам нараас хэн нэг нь үрэлнээсээ зүүгээд Ухань яваад ирдэггүй л байх даа. Тэгвэл мөн гоё оо. Юм баттай нь дээр. Баталж чадвал нэг үрлээ нэг сая төгрөгөөр зарсан ч зарагдаж л таараа. Өвөрмонголд нэг лам SARS-ын үеэр шидэт үрэл зүүгээд яагаа ч үгүй гэсэн. Гэхдээ яг голомттой газраар нь явсан уу, гэртээ бүгчихсэн байсан уу гэдгийг мэдэхгүй.
Камбож, Мьянмар, Лаос, Монголд л тэр титэмт вирус илрээгүй байна гэсэн. Илрэхгүй л дээ. Тэнгэр угсаат, тэнгэр заяат, тэнгэрлиг монголчууд шидэт үрлээ зүүчихвэл болоод л явчихна. Гуравхан сая үрэл байхад бид элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан шинэлчих юм биш үү. Ариун бодь мөрийн зэрэгт хүрсэн лам болгон шидэт үрэл бүтээх их үйлд гар бие оролцвол бүр илүү олон саяар нь хийж болж байна.
Илүү гарсныгаа экспортолж бас болж байна. Даяаршлын эрин үед нэг нэгэндээ хайртай байя. Дэлхийгээр нэг тархан суусан монголчууддаа ч шуудангаар илгээж болж байна. Шидэт үрлээ зүүгээд, арц гангаа уугиулаад, хурал номоо даган баясаад явчихад л болох юм байна. Мунхгийн ухаан хойноо гэж...