Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудыг бүрэн хааж, зөвхөн бараа үйлчилгээн хэвийн нэвтрүүлэх шийдвэр гаргасан билээ. Хятад улсын бүх муж, хотууд руу тодорхойгүй хугацаагаар нислэг үйлдэхийг хориглож, мөн вагоны үйлчилгээг ч зогсоож, тус улсаар дамжин ирэх нэг ч иргэнийг оруулахгүй гэсэн шийдвэр гарсан.
Тэгвэл Гадаад харилцааны яамнаас хил хаахаас өмнө эх орондоо ирж чадаагүй иргэдийн асуудлыг хэрхэх талаар ярилцжээ. Улмаар Элчин сайдын яам болон Консулын газраар дамжуулан дахин бүртгэлжүүлэх ажлыг хийж эхэлжээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ярихдаа "БНХАУ-ын Эрээн, Хөххот болон бусад хотуудаас одоогийн байдлаар 400 орчим иргэд холбогдож мэдээллээ бүртгүүлсэн.
Гэхдээ эдгээр иргэд эх орондоо ирэх хүсэлтэй гаргасан тохиолдолд бид албан ёсоор, нэгдсэн журмаар тээвэрлэх асуудлыг шийднэ. Мөн хил хаахаас өмнө эх орондоо ирэхээр онгоцны болон вагоны билет авчихсан, мөн Эрээн хотоос наашаа орж ирэх гэж байсан 50 гаруй иргэний асуудлыг нэн түрүүнд хэрхэн шийдэхээ ярилцаж байна. Монгол иргэд маань Элчин сайдын яам болон Консулын газартайгаа холбогдож мэдээллээ өгөх, бүртгүүлээрэй гэж хүсье.
Хил хааснаас хойш орж ирсэн монгол иргэн бүрийг 14 хоног тусгаарлаж, шинжилгээ авна" гэлээ. Мөн БНСУ-д коронавирусийн халдвартай атлаа зугтсан монгол бүсгүйг эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл үнэн эсэхийг тодруулахад "Худлаа мэдээлэл. Тус улсын Гадаад хэргийн яам болон Элчин сайдын яамнаас мэдээлэл авсан. Тийм зүйл байхгүй" гэлээ.