ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д. Чойжамц: Хийдүүд хүн цуглуулахгүйгээр хурал номоо хурна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-14

 Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц “XVII дугаар жарны Төмөр хулгана жил гарлаа. Монголчууд хувьтай хүн хулгана жилийг үздэг хэмээн ихэд бэлэгшээдэг. Гэвч энэ бол цаг хугацааны үргэлжлэл юм. Тэр утгаараа таны бүтээсэн сайн, сайхан амьдрал үргэлжлээд явна гэсэн үг. Урьд нь ямар жамаар, ямар амжилт гаргаж явсны үргэлжлэл юм.

Жаргалтай, сайхан амьдралын суурь шалтгаанаа тавьж чадсан бол олон жил дажгүй байна гэж бодох хэрэгтэй. Манайхан зурхайг хэрэглэж, он тооллоо тооцоолж, өдөр гарагаа тодорхойлдог уламжлал ч байдаг. Цагаан сарын баяраар хуучин жилийнхээ хамгийн сүүлчийн өдрийг буюу битүүний өдрийг сайхан тэмдэглэж, идээ будаагаа засаж, урьд хань нөхөд, найз нөхдөө урьж ёсолдог. Энэ өдөр бол 365 хоногийн хамгийн сүүлийн өдөр учраас бид өнгөрсөнд ямар байснаа дүгнэдэг цаг.

Мөн амьд сэрүүн байснаа тэмдэглэж, шинэ жилдээ цэвэр оръё гэсэн утгатай. Жилийн эхний өдрийг элбэг дэлбэг хангалуун тэмдэглэх нь тэр жилдээ энэ байдлаа алдахгүй байх санааг агуулдаг. Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай. Энэ жил дээдсүүдэд ширүүн, жилийн дунд талд бүр ширүүн тиймээс ажилж хөдөлмөрлөж байгаа хүмүүс зөв сайхан ажил хийхгүй бол энэ жил хэцүү байх нь
Жилийн дунд үед урьд жилээр бороо хур бага байна. Гэхдээ тариа ногооноо бүтэн авч чадна. Зурхайгаар магадлаад өөрийгөө зөв авч чадвал бие хэл сэтгэл гурваа зөв авч яваа хүнд энэ мэдэгдэхгүй" гэлээ. Мөн хамбын хувьд Цагаан сарын баярыг цуцлах гэдэг үгэнд тун ч эмзэг хандсан бөгөөд өөр үгээр оруулах ёстой хэмээлээ. 
Монголчууд ч энэ үгэнд эмзэг хандана гэсэн юм. Вирусийн дэгдэлтээс үүдэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сүм хийдүүдийн хурал цуглааныг хязгаарлах чиглэл гаргасан. Мөн хийдээс сүсэгтэн олонд вирусээс сэргийлэх үрэл тараана хэмээсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл хамба энэ асуудлаар мөн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, "Ийм цаг үе ирж, ханиад томуу гарна гэж хэлсэн хувилгаан хутагтуудын номуудад заалттай байгаа номуудыг унших, үрэл, утлагыг хийх нь бидний ажил. Бид зааврын дагуу хөдөлж байгаа. Манайхтай адилхан шашинтай улсуудад ямар арга хэмжээ авч байгааг судалж байна. Юу ч гэсэн бид сүсэгтэй улс учраас үрэл утлагуудыг хийж тараах, гандан хийдэд ирж буй хүмүүсийг уугиулах ажлуудыг хийнэ. Энэ бол шашны ажил, хэнээр ч заалгахгүй хийнэ” гэв. Сүсэгтэй хүмүүст ямар нэг цугларал бөөгнөрөл үүсгэхгүйгээр үрлийг тарааж өгөх гэнэ. Мөн сүм хийдүүд битүүний өдөр болон бусад өдрүүдэд хурал номоо хурах бөгөөд иргэдийг цуглуулахгүйгээр лам нар өөрсдөө уншихаар болсон аж. Иймээс иргэдийг олноор цуглахгүй байхыг санууллаа.