Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэргүүн, их хамба, гавж Д.Чойжамц “Монголын ард түмний мянган жил тэмдэглэсэн уламжлалт баярыг Засгийн газар цуцална гэвэл хүмүүст эвгүй байж магадгүй. Эвтэйхэн үгээр хэлэх хэрэгтэй” гэв. Эвтэйхнээр яаж хориглохыг нь харин хэлж өгсөнгүй нь гомдмоор. “Юу ч гэсэн бид сүсэгтэй улс учраас үрэл, утлагуудыг хийж тараана, Ганданд ирж байгаа хүмүүсийг арцаар ариулна.
Шашныхаа энэ ажлыг хэнээр ч заалгахгүй хийнэ” гэв. Шашин нь төрөө хүндэлнэ, төр нь шашнаа дээдэлнэ гэдэг бөөрөнхий үгийн гол утга нь энэ. Дэлхий нийтийг түгшээж буй титэмт вирусээс ард иргэдээ хамгаалахын тулд, өвчин тархаахгүйн тулд засаг төр хөл хорио хэсэгчлэн тогтоож, сургууль цэцэрлэгүүдийг хааж, хурал цуглаануудыг цуцалсныг эсэргүүцэж буй Чой хамбыг цохиод авмаар санагдсан шүү. Хөгшид цагаан сараа хийнэ, боов, бууз, ууцаа базааж, худалдааны төв, Нарантуулаар хүүхдүүдээ явуулж бэлтгэлээ базааж байна. Хүүхдүүдийнхээ үгэнд орох ч янз алга.
Шинэлж л таараа, тэр муу ханиад яадаг юм бэ гэж зөрүүдлээд байгаа хөгшчүүдийг Чой хамба уг нь нэг сайхан “загначихсан” бол яг сайхан болчих гээд байлаа. Гэтэл хамба маань нөгөөдүүлийг маань бүр өөгшүүлж орхидог байгаа. “Манай Чойжамц хамба, цагаан сар тэмдэглэхгүй байж болохгүй, золгохгүй бол болохгүй, муу ёр гэсэн” гэж ээж аавууд зөрүүдлээд эхэллээ. Уг нь Чой хамба, эсвэл “Монгол коммент”-ийн хоёроор л хөгшчүүдэд “Энэ жил та хэд минь өргөн дэлгэр шинэлэх гээд хэрэггүй шүү.
Урин дэлгэр цагт уулзан золгох өдрүүд олон учраас үр хүүхдийнхээ үгэнд ороод тэрүүхэн тэндээ “хөөрхөөн шинэлчихээрэй. Дэлхийгээр нэг тархаад, олон мянган хүн үхэж үрэгдээд байгаа энэ муухай халдвартай өвчний үед та хэд минь тэвчээртэй байж байгаарай. Үр хүүхдүүдээ битгий загнаарай, битгий зөрүүдлээрэй” гээд хэлүүлчихвэл л яг болох гээд байсан юм. Ингэхэд “Битүүний орой, шинийн нэгний өглөөний зан заншлаа ном ёсоор нь гүйцээчихвэл бүх юм сайхан болно оо” гээд тэднийг маань нэг сайхан загнаад өгөх хүн байхгүй л юм байх даа. Ерөнхийлөгч, Чой хамба, Билгээ гурвын л үгэнд орохоор байна даа.
Хамбын айлдвараар “Хулгана жил хөгшчүүдэд гайгүй, залууст хатуу, нялхаст анхаарууштай, дээдсүүдэд ширүүн, жилийн дунд бүр ширүүн, ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүс ажлаа сайн хийхгүй бол хэцүү зурлага харагдаж байна” гэсэн. Харин золгохгүй, шинэлэхгүй бол баларна гэсэн юм алга. Энэ зун сонгууль болно, дээдсүүдэд ширүүн байх нь мэдээж, үнэн. “Дэлхий дээр аймшигт ханиад гарсан. Ер нь 700 жилийн өмнө нэгэн судар дээр сарьсан багваахайн зургийг тавиад ирээдүйд цаг цөвдөхийн цагт их хижиг өвчин гарна гэсэн байдаг. Тэр мэтчилэн судар дээр тэр үед ямар утлага хийх, ямар ном уншихыг заасан байдаг. Богдын лүндэнд ямаа, тахиа, илжигний мах тэргүүтнээс асар их зовлонтой ханиад гарна гэдгийг хэдэн зуун жилийн өмнө бичсэн байдаг” гэж Чой хамба хэлсэн. Ингэж айлдсаныг нь бодохоор өргөн дэлгэр шинэлмээр ч юм шиг. Үрэл зүүгээд, утлагаар нь утаад, номоо тарнийг нь уншуулчихвал ч хамаа алга, шинэлдэг ч юм бил үү. Төр засгийн шийдвэр цаашаа.