ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гурван “Э”-гийн хоршилтой, “Мөрөөдлийн баг”-тай сонгууль

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-17

УИХ-аас 2019 оны арван­хоёрдугаар сард Сонгуулийн хуулийг шинэчлэн батлахдаа томсгосон 29 тойрог бүхий олон мандаттай мажоритар тогтолцоогоор явуулахаар хуульчилсан билээ. Төсвийг 76 жижиг хэсэгт хуваахгүй учраас энэ удаагийн хувилбар улсын хөгжилд илүү дэм болно гэж судлаачид үзэж буй. Нөгөөтээгүүр, улс төрийн намаар эрэмбэлдэг учраас эрх барьж буй, эсвэл жагсаалтын нэг, хоёрдугаарт байдаг улс төрийн намуудад ашигтай. Харин жагсаалтаас хойгуур эрэмбэлэгдэж буй бусад намуудад халгаатай байдгийг ч парламентад суудалгүй улс төрийн намууд маш сайн мэдэж байгаа. Нэг үгээр хэлбэл, танигдсан “поп”-уудад энэхүү хувилбар хамгийн ашигтай учраас парламентад хэзээ ч нэг нам үнэмлэхүй олонхийг бүрдүүлэх боломж гардаггүй ажээ. Тэгвэл СЕХ-ноос тойрог, мандатын хуваарилалтыг эцэслэн хийж, хөдөөд нь 20, хотод есөн тойрог хэмээн эцэслэн баталсны дараа улс төрийн намууд хөдөлгөөнд орж эхлэв. Учир нь жагсаалтын нэгдүгээрт бичигдэж чадахгүй, эсвэл 29 тойрогт 76 “чанартай” нэр дэвшигч явуулж чадахгүй нь тодорхой учраас МАН, АН-ын суудлын тоог бууруулах боломж юу байгааг хаа, хаанаа эрэлхийлж эхэлсэн гэсэн үг. Тиймдээ ч коронавирусийн дуулиан дундуур улс төрийн намууд сэм, сэмхэн уулзалт товлож, зарим нь эвсэл болж сонгуульд оролцохоор нэгдэж эхлэв. Өнгөрөгч долоо хоногт гэхэд л АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Дэлгэрмаа, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр тэргүүтэй хүмүүс “Шангри-Ла” зочид буудлын уулзалтын өрөөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нарын хүмүүстэй уулзаж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой видеогоор холбогдож, уулзалт зохион байгуулсан гэх мэдээлэл тарлаа. Угтаа, нэр хүнд, рейтингээрээ өндөр байгаа Ардын намын эсрэг ямар акц зохион байгуулах талаар хоёр тал ярилцсан ч байж мэднэ. Эдгээр өдрүүдэд хэн хаана, хэнтэй уулзаж, хэрхэн хамтарч ажиллаж, хэний эсрэг зохион байгуулалтад орж буйг тоймлоё. Жагсаалтын нэгдүгээрт бичигддэг Ардын намын эсрэг хэд, хэдэн эвсэл “тулаан”-д орох дүр зураг хэдийнэ гарчээ. Харин МАН хэрхэх бол... 

Гурвын “Э”-гийн хоршил 

“Шангри-Ла” зочид буудалд болсон энэхүү “нууц” уулзалт таамаглаж байгаачлан хамтарч сонгуульд оролцох, эвсэл болох эхлэлийг тавьсан бол нөхцөл байдал Ардын намын талд буруугаар эргэж мэднэ. Ардчилсан намын эсрэг “ШИНЭ” хэмээх намыг санхүүжүүлж, хөвөнд боосон чулуу шидэж байсан Ардын намын удирдлагууд эмзэг газраа “шарх” авна гэсэн үг л дээ. Н.Энхбаяр ба түүний нам эртнээс л МАН-ын саналыг хөдөө, хотгүй хувааж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ч МАХН-ын нэр дэвшигч Н.Удвал, МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэний саналыг хуваасны хүчинд АН-ын нэр дэвшигч ялалт байгуулж байв. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар санаанд оромгүй өндөр санал авч, үүний үр дүнд М.Энхболд ялагдал хүлээсэн нь худлаа биш. Тиймээс С.Эрдэнэ, Н.Энхбаяр хоёр хэрвээ ирэх сонгуулиар эвсэж, нэмээд З.Энхболд зөвлөж гэмээнэ МАН-ын дарга У.Хүрэлсүх ажин түжин, амар тайван сууж чадахгүйд хүрэх билээ. ЕТГ-ын дарга асан, АН-ын дарга С.Эрдэний зөвлөхөөр ажиллах З.Энхболд хэдийгээр 2016 оны сонгуулиар буруу тактик хэрэглэж, намаа ялагдалд хүргэсэн ч түүнээс юу ч гарч мэднэ гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэддэг. Таамаглаж боломгүй улс төрийн тоглолттой. Хамгийн санаанд оромгүй тактикийг ч гаргаж мэдэхээр улстөрч учраас улс төрийн эмзэг цаг үед намдаа эргэн очиж байгаа нь олон хүнийг сандаргаж буйг нуугаад яахав. Н.Энхбаярын улс төрд олж авсан нэр хүндтэй яриад байх зүйл ч байхгүй. Энэ хүн гурван нүүдлийн цаадах улс төрийг ч харж чаддаг учраас АН, МАН-ынхан аль ч цаг үедээ түүнийг нухчин дарах гэж улайрч, зөвхөн түүнд зориулан хууль хүртэл баталдаг билээ. Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ бол нийгмийн даатгал гэх асар том өргөн сүлжээг өнгөрсөн хугацаанд улс даяар бий болгож чадсан. Тэр сүлжээнийхээ хүчинд ч таван хүнээс цойлж, намын дарга болж байлаа. Мөн 2016-2020 оны хугацаанд явуулсан улс төрийн шинэчлэл, өөрчлөлт нь намын рейтингийг тэр хэрээр өргөж чаджээ. Угтаа, хүний, өөрийн хэн нэгний хувьд барж идэх зөөлөн хоол биш учраас эдгээр өдрүүдэд С.Эрдэнэ ба түүний багийг нийгмийн даатгалтай холбож буруутгах, АТГ-аас яллагдагчаар татах нь гэсэн улс төрийн тоглолт өрнөж байгааг уншигч та анзаарсан байх. Нэг талаасаа нам нь С.Эрдэнийг явуулахын тулд улс төрийн шахалт үзүүлж, “намын даргын ажлаа өг, эсвэл шоронд яв” хэмээн дарамталж байна гэсэн яриа гарсан. Нөгөө талаас С.Эрдэнэ ба түүний намыг сөхрүүлэхийн тулд Ардын нам эцсийн сумаа тавьсан нь энэ хэмээн дүгнэх хүмүүс ч байгаа. Нөхцөл байдал, улс төрийн хүрээнд өрнөж буй тоглолтоос ажвал хоёрдугаар хувилбар илүү үнэнд ойрхон харагдах бөгөөд гурван “Э”-гийн хоршил бий болсон цагт дээр, дооргүй сандарч эхлэх нь тодорхой байх аж.  

“Мөрөөдлийн баг”-ийн эв нэгдэл сонгууль дуустал тэсэх үү 

“Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” гэх “гоё” нэрээ энтертайнмент болгон өөрчилсөн Ж.Батзандан, Л.Болд нар ирэх сонгуульд мөн л эвсэл болж оролцох сонголт хийв. Хоёр хүний нэр хүндээр хол явахгүйг ойлгожээ. Парламентад суудалгүй улс төрийн намуудаас 10 орчим нь тэдэнтэй нэгдлээ. Тодруулбал, БНН буюу Б.Жаргалсайхан, “Үнэн ба зөв” буюу Ш.Сайхансамбуу, МҮАН буюу Б.Цогтгэрэл, Монголын шинэчлэл, Ард түмний олонхийн засаглал, Хамаг Монголын хөдөлмөрийн, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний, Монголын шинэчлэлт, Хөгжлийн хөтөлбөр гэсэн намууд тус, тус нэгдэж, “Шударга ёс-Эв нэгдэл” тунхагт гарын үсэг зурлаа. Тэдний зорилго тун товчхон. Монголыг бүрхсэн МАНАН бүлэглэлтэй тэмцэж, энтертайнмент үзүүлбэр үзүүлээд ч хамаагүй шударга ёсыг бий болгоно гэж тунхагласан аж. Нэлээд хэдэн мянган гишүүнтэй гэхээс илүүтэй нэг хүний нам гэдгээр нь илүү мэдэх болсон эдгээр хүмүүс парламентад суудал авч чадах эсэхийг хэлэхэд эрт байна. Гагцхүү тэдний эв нэгдэл, эвсэл нь сонгууль дуустал тэсч чадах эсэх нь эргэлзээ дагуулж байх юм. Ж.Батзандангаар ахлуулсан “поп”-уудын энтертайнмент үзүүлбэр лавтай сонгууль дуустал үзэгчдийг уйдаахгүй нь тодорхой. Олон нийт тэднийг оноо авсан улс төр хийлээ хэмээн дүгнэхээс илүүтэй “мөрөөдлийн баг” хэмээн шоглон хүлээж авч байх юм. Нэг нэгээрээ яваад суудал олж чадахгүйг мэдсэн учраас нийтээрээ нэгдэхээр шийдсэн шударга ёсны төлөөх эдгээр намуудын эв нэгдэл сонгууль дуусгах эсэхийг харах л үлдэв. 

“ХҮН”-ынхан хүссэндээ хүрч чадах уу 

Өнгөрөгч 2016 оны сонгуулийн өмнөхөн нил ягаан өнгөөр сондгойрч гарч ирсэн улс төрийн нам бол “ХҮН” буюу Хөдөлмөрийн үндэсний нам. Дандаа гадаад, дотоодод галуу шувууны мах идсэн мэдлэгтэй, өндөр боловсролтой залуусаар эгнээгээ бүрдүүлсэн гэх тус намын рейтинг улс төрийн бусад намууд дундаас цойлж чадсан нь худлаа биш. Жинхнээсээ “МАНАН”-г сарниулах залуу үе хэмээн талархан хүлээж авч билээ. Гэвч, намын даргаараа С.Ганбаатарыг томилсноор тахил нь буруу өрөгдсөн дөө. Нам дотроо зөрчилдөж, хагарч бутарсан. УИХ-ын сонгуульдаа ч оролцож амжилгүй арван зүгтээ тарсан гэхэд болно. Дараа нь “Алтан Дорнод Монгол”-ын эзэн Т.Ганболдод намаа даатгасан ч бас л өөдөө нар харж чадаагүй. Ингээд л арайхийж олж авсан рейтинг нь бутарч, нөгөө өндөр боловсрол ч тус болоогүй. Тэгвэл энэ удаа “ХҮН” дахиад л өндийх оролдлого хийж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн бүх сэдвээр өдөр бүхэн хэвлэлийн хурал хийв. Мөн л бусад улс төрийн хүчнүүдийн нэгэн адилаар ганцаар тэмцээд үр дүнд хүрэхгүйг мэдсэн учраас энэ сарын 03-ны өдөр “Монголын социал демократ нам”-тай хамтарч сонгуульд орохоор албан ёсны баримт бичигт гарын үсэг зуржээ. ХҮН-ын дарга Б. Найдалаа “Хүнээ дээдэлсэн зүүн төвийн улс төрийн бодлоготой намуудын хувьд эвийг эрхэмлэн, хүчээ нэгтгэнэ. Нам тус бүрийн эрх бүхий байгууллагаас улс төрийн шийдвэр гаргасан тохиолдолд 2020 оны сонгуульд эвсэл болж оролцоно” хэмээлээ. 

Т.Ганболд ИЗНН-ын даргад зөвлөнө 

Улсын дээд шүүхэд “Үндэсний сэргэн мандалтын нам”-аа бүртгүүлэхээр хэд хэдэн удаа хүсэлт өгсөн ч дандаа татгалзсан хариу авч байсан “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд энэ удаа ИЗНН-ыг сонгосноо мэдэгджээ. Парламентад хэдэн удаа суудал авч байсан ИЗНН-ыг хүмүүс УИХ-ын гишүүн асан С.Оюун, Д.Энхбат нараар илүүтэй мэддэг. Гэвч тэдгээр лидерүүд намаа орхисны дараа Ц.Ганхуяг намаа удирдан чиглүүлэх болсон юм. Тэгвэл ХҮН-аас “хөөгдөж”, шинэ нам байгуулах гээд бүтэлгүйтэж яваа Т.Ганболд ИЗНН-ын дарга Ц.Ганхуягт зөвлөхөөр болжээ. Т.Ганболд энэ шийдвэрийнхээ талаар “ИЗНН-ын гишүүн болох эсвэл энэ намаас нэр дэвшинэ гэсэн үг биш. Бие даах уу, сонгуульд өрсөлдөх үү гэдгээ шийдээгүй” хэмээн тайлбарлав. Гэвч, сонгууль дөхсөн энэ үед намын даргын зөвлөхөөр очсон нь зүгээр ч нэг давхцал, эсвэл санамсаргүй хийсэн сонголт биш юм. Тиймдээ ч УИХ-ын сонгуулиар Т.Ганболд ИЗНН-ын дарга болчихсон, эсвэл энэ намын нэрээр өрсөлдөөд явж байвал гайхах зүйл байхгүй болох нь ээ. Мөн ИЗНН-ынхан ч энэ удаа хэнийг түшихээ шийдээгүй байгааг харвал мөнгөтэй эрхмийн нөмөр нөөлгөөр улс төрийн бусад нам, эвсэлд харьяалагдахгүйгээр сонгуульд оролцох боломж бүрдсэн байж мэднэ. Эндээс харвал, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас 18 нам нь одоогийн байдлаар хэнтэй эвсэх, хэрхэн сонгуульд оролцох дүр зургаа зурчихлаа гэсэн үг. Үлдсэн 17 нам өнөөдрийн байдлаар ажин түжин амар амгалан байгаа. Тэр дундаа сонгууль бүрээр МАН-ын баруун, зүүн бөөрөнд “наалдаж” байдаг улс төрийн намууд нам гүмхэн байх аж. “Монголын ногоон нам” тэргүүтэй МАН-тай эвсэл болон сонгуульд оролцож байсан намууд энэ удаагийн сонгуулийг өнжих үү, эсвэл хуучин найз дээрээ эргэн очих уу гэдэг нь ирэх өдрүүдэд тодорхой болох биз ээ. Нөгөөтээгүүр, нам дотроо фракцийн зөрчилтэй байгаа Ардын намынхан ч рейтингээрээ өндөр байгаа, эсвэл эдгээр эвслүүдийн эсрэг ямар зохион байгуулалтад орох нь өнөө хэр тодорхой бус байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуулийн хөзрөө эцсээ хүртэл нууцлахаар шийдсэн бололтой.