ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Энтертайнментаар боловсрол олгоно"

А.ОДСҮРЭН
2020-02-18

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд хоёрын байгуулсан хоёр гаруй гишүүнтэй ШИНЭ нам хэдхэн хоногийн дараа нэг нас хүрнэ.  Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нэртэй намыг нь “Шизотой иргэдийн нэгдсэн эвсэл” болгон гуйвуулсан. Болд, Бодь хоёр Батзандангаас болж нэр ч үгүй, сүр ч үгүй боллоо гэх нь хаашаа юм. Төрөл арилжин төгсөрсөн поп болсныг нь бодохоор хүрэл зүрх ч хайлам. Ж.Батзандан бол тэртэй тэргүй төрчихсөн амьтан. Намынхаа санхүүжилтийг босгохын тулд хятадуудтай газрын тосны компани байгуулахаар ярилцсан яриаг нь олон нийтийн сүлжээнд хоёр хувааж дэлгэв. Эхний хэсгийг нь дэлгэнгүүт “Хятадуудтай уулзаж болдоггүй юм уу. Хятадуудтай уулздаг ганцхан л намын дарга байдаг биз дээ. Энэ бол эвлүүлэг” гэж мэдэгдэл хийнгүүт дараагийн бичлэгийг нь тавьчихсан. Харин бантахдаа “Тавантолгойг өгч байснаас үхэж байсан нь дээр” гэж тэс хөндлөн мэдэгдэл хийв. Харин “хонгор анд” Л.Болд нь хөшигний араас гараараа даллан үзэгчидтэй мэндэлсээр гарч ирж “Би тэр үед Батзанданг таньдаггүй байсан” гэж гурван жилийн санах ойтойгоо зарласан.

Намаасаа, бүлгээсээ хөөгдсөн мань хоёр шинэ нам байгуулж, сонгуульд голио шиг азаа үзэхийн тулд Буян Жагаа, Үнэн ба зөв нам гэхчлэн хэд хэдэн намтай нэгдлээ. Сонгууль болтол эв нэгдэлтэй байж чаддаг л байгаа даа. Чадаасай. Тэдний нэгдлийн буянаар сонгуулийн сурталчилгааны хугацаанд монголчууд уйдахгүй. Ж.Батзандан, Л.Болд хоёр хошин урлагийнхныг хол хаяхаар жүжигчид болсон. Тэдний жүжгийг Буян Жагаа элбэг зохион байгуулж чадна. Монголд алдарт “Boney`M”, “Modern talking”, Филипп Киркоровыг авчирч тоглуулж чадсан шоу менежер Буян Жагаад тэр хоёрын хошин шогийн үзүүлбэрийг найруулахад нэг их хүч ухаан, хөрөнгө шаардагдахгүй. Хуруу, хошуу хоёрынхоо үзүүрээр л найруулчихна. Найруулгыг нь Ш.Сайхамсамбуугийн “Үнэн ба зөв” намын “ТВ-10” телевизээр дамжуулж, түмэн олныхоо мэлмийг баясгахад болоод л явчихна.  УИХ-ын гишүүн С.Жавхлан бие даагчаар дөрвөн жил тэслээ. Тэр “ШИНЭ” намд элсэж магадгүй гэсэн. Элсчихвэл жинхэнээсээ “Энтертайнмент нэгдэл” болно. Санал асуулгаар сонгогчдынх нь 60 хувь нь гавьяатыг “дуугаа л дуул” гэсэн гэнэ билээ. Тэгэхээр “ШИНЭ”-ийн сонгуулийн сурталчилгаанд үнэгүй дуулчихна. 

Алунгоо эхийн таван сумыг нэг нэгээр нь атгасан баатруудын хоёр нь шинэ нам байгуулан тусдаа гарч Алунгоо эхийн домгийн шувууг үргээчихсэн. Монголын нууц товчооны хамгийн гоё агуулгыг өөрчилж чадсаныг нь бодохоор тэр хоёр яалт ч үгүй энтертайнментаар боловсрол олгогчид юм. Бас тэр хоёрт бурхан ч тусалж байгаа болохоор алзах юун. Дургүйг нь хүргэвэл шууд л гудамжинд гарна, жагсана, тэмцэнэ гэж айлгасаар байгаад сүүлдээ тэр хоёрыг гэлээн гэх нь бүү хэл гөлөөг ч гэх хүн олдохоо болих нь. Улс төрийг утгаар нь хийж яваагаа мэдээгүй яваа мань улстөрчид ирэх сонгуульд чуулганы танхимд тангаргаа өргөөд зогсч байхад гайхаад байх юм үнэндээ байхгүй. Хэл ярианы баялаг, хоолойны өнгө тонн л чухал болохоос худал үнэн байх нь хэнд ч хамаагүй. Ямар л сэдэв гарч ирнэ, түүн дээр ямар ч тоглолтыг хийж чадах гүйлгээ ухаантай, мэдэхгүй сэдэв, чадахгүй тэмцэл гэж байхгүй “ШИНЭ” намуудын олгох энтертайнмент боловсролоос нь хоцорчихгүй л явахсан.