ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гүйлгээний утга л чухал

O.Admin
2020-02-19

Халдварт өвчний улмаас эрсдлээ тооцон манай улс хөл хорио тогтоосон. Уламжлалт баяраа хийхгүй хэмээн мэдэгдэж, улс даяар хөл хөдөлгөөн хязгаарлах асуудлыг хүртэл ярилаа. Нийт нийгмээрээ маскаа зүүж, гэрээ цэвэрлэж, үр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө эрвийх дэрвийхээрээ хичээж байна. Тэр ч байтугай Төрийн гурван өндөрлөг нь хүртэл ард түмнийхээ төлөө сэтгэлээ чилээж, чадах чадахаараа л биднийгээ тайвшруулж, тус дэм болох гэж хичээж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч ёстой ойрд хараагүй инээмсэглэсэн царай гаргаж байгаад л “Эрүүл явах юм бол ирэх жилийн цагаан сарыг үзнэ шүү, ахмадууд минь. Энэ жил та нар минь үр хүүхдээ хүндрүүлэхгүй, өвчин тахалтай үед золголт хийнэ гэж сандаргахгүй бол тун удахгүй та нарынхаа тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгоно” хэмээн “авлигадаж” орхив. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэдийн эрүүл мэндийн манаанд 24 цаг гарч байгаа эмч, сувилагч нартай уулзаж, “Та нар минь хичээгээд байгаарай, тун удахгүй цалинг чинь нэмж өгнө өө” хэмээн амлачихлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар ч гэсэн юу дутах билээ. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж үү, иргэдэд амны хаалт олдож байна уу хэмээн зах, худалдааны төвүүдээр явж, иргэдтэйгээ уулзлаа. Бас болоогүй цахимаар золголт хийх хүн олон учраас ах дүү, анд нөхөддөө шилжүүлсэн золголтын мөнгөнөөс шимтгэл авч болохгүй шүү хэмээн банкуудад чиглэл өгсөн гэнэ шүү. Сэтгэл нь сайхан юм даа, УИХ-ын даргын маань. Банкууд магадгүй “чиглэл” өгсөн гээд тоохгүй байж мэднэ. Эсвэл сэтгэл гаргасан хэмээн хэрэгжүүлж ч магадгүй. Тэр тохиолдолд “гүйлгээний утга” маш чухалд тооцогдоно гэсэн үг. Монгол түмний сар шинийн баяр шинийн нэгний өглөөнөөс эхлээд шинийн 10-ны өдрийг хүртэл өргөн дэлгэр үргэлжилдэг. Ялангуяа өнөө жилийнх шиг хавар оройтож эхэлсэн бол бүр л өргөн дэлгэр болно. Тэгэхээр банкууд яг хэзээнээс эхлээд хэдний өдрийг хүртэл шимтгэл авахгүй гэдгээ яг таг болгомоор байх юм. Цахим л бол цахим биз дээ. Тэгээд ч төрийн өндөрлөгүүдээс энэ байдлаараа “шимтгэл тэглэнэ” гэсэн сар шинийн бэлэг ирж мэдэх учраас өнөөдрөөс эхлээд гүйлгээний утгаа маш сайн анхааръя.

Цахимаар гүйлгээ хийхдээ өр, зээл, хувцас гэх мэт үг хэрэглэхгүй. Батаагаас Баяраад гэсэн үг ч хэрэггүй. Зөвхөн “Амар байна уу”, “Сар шинэдээ сайхан шинэлээрэй”, “Тарган тавтай хаваржиж байна уу”, “Онд мэнд тарган тавтай оров уу” гэх мэт үгсийг хэрэглэж болно. Батаагаас мөнгө зээлсэн Баяраа ч хариу мөнгөө буцаахдаа “Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэх мэтээр хариу явуулж болно. “Эмээ золголт”, “Өвөө золголт” гэх мэтээр шилжүүлээд байвал шимтгэл авахгүй байх. Банкинд очерлоход таниас гүйлгээний утгыг асуухдаа золголтын мөнгө үү, энгийн мөнгө үү гэж асууж мэднэ шүү. Монголчууд үнэхээр ёндоотой юм, 1-10 сая төгрөгөөр золгодог юм байна хэмээн банкны теллерүүд гайхна даа, гоё. УИХ-ын дарга нь хүртэл чиглэл өгөөд байхад хөдлөхгүй байгаа банкуудад нийт нийгмээрээ ийм бэлэг барьвал шимтгэлээ тэглэх ч юм билүү, хэн мэдлээ. УИХ-ын даргын сэтгэлийг бодоод ч болтугай 50 төгрөгийн шимтгэлээ сар шинийн бэлэг болгох ч юм билүү. Ер нь цаг цөвүүн үед цаад хэдийг чинь жаахан сандаргаж, монголчууд цахимаар яаж золгодог вэ гэдгийг яруу тодоор харуулсан ч яадаг юм, тийм ээ. Төрийн өндөрлөгүүд нь хүртэл сэтгэл гаргаж байхад манай банкируудын егзөр царай яаж “тэнэг” болохыг харах юмсан. Угаасаа манай УИХ-ын дарга чинь бүх банкны даргыг томилдог эрх мэдэлтэй юм чинь, сороо муутнууд аа.