ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хянаж болдог л юм байна

O.Admin
2020-02-20

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрөгч хоёрдугаар сарын 07-ны өдөр захирамж гаргаж, урин дулааны цаг болон халдварт өвчний дэгдэлт их байгаа эдгээр өдрүүдэд нус цэрээ гудамж талбайд хаясан, мөн гудамжинд бие зассан, тамхины ишээ хаа, хамаагүй хаясан иргэдэд хариуцлага тооцох үүрэг өглөө. Тэгвэл захирамж гарснаас хойш ердөө 12 хоногийн хугацаа өнгөрч байхад гадаа гудамжинд, олон нийтийн газарт дээрх зөрчлүүдийг гаргасан 1800 иргэнд хариуцлага тооцжээ. Заримыг нь хяналтын камераар, заримыг нь гудамжинд ажиллаж байсан хяналтын байцаагч болон цагдаагийн албан хаагчид илрүүлж, хариуцлага тооцсон аж. Овоо доо. Ажил хийж болдог гэдгийг харуулж байна шүү дээ, тэд. Сэтгэл байвал улсын нийслэлээ шүлс, нус, тамхины ишнээс салгаж, нийгэмшээгүй хэсэг бүлгээ нийгэмшүүлж болно гэдгийг бид харлаа, мэдэрлээ. Гудамжинд байрлуулсан камерууд нь ажилладаг юм байна. Гэмт хэрэг зөрчил гаргасан иргэнийг ч олж болдог юм байна.

Иргэдийн тухайд ч заавал хяналтын камерт өртөж, эс бөгөөс цагдаагийн албан хаагчаар шаардлага тавиулахгүйгээр халдварт өвчин дэгдсэн, хэзээ мөдгүй улсын хилээр орж ирэх эрсдэлтэй энэ цаг үед өрөөлийн болон өөрийнхөө үр хүүхдийн төлөө шүлсээ, тамхины ишээ, нусаа хаа хамаагүй нийхгүй, хаяхгүй байж болмоор санагдав. Их хотын энгийн иргэний наад захын дагаж мөрдөх соёлыг мэддэг болохын тулд заавал хяналтын камераар тагнуулж, торгууль төлмөөргүй. Хэдийгээр урд хөршид айхтар халдварт өвчин гарч, улс даяараа ариун цэврээ сахих гэж ингэж хичээн зүтгэж байгаа ч Улаанбаатар хотын иргэд өдөр бүхэн л ариун цэврээ сахих шаардлагатайг нийтээрээ шүүмжилдэг, ярьдаг. Хаа сайгүй нус, цэр, шүлс, тамхины иш хөглөрч, газар гэсэх үед нийтийн бие засах газрынхаа үнэртэй нийлээд хүн тогтож суухын аргагүй үнэртдэг нь худлаа биш. Тэгвэл өвчний дуулианаар эхлүүлэн энэхүү ариун цэвэр сахиулах, соён гэгээрүүлэх ажлаа жил бүхэн хийхэд болохгүй юм алга шүү. Үе үеийн хотын дарга нар ядахдаа ханиад томуу ид дэгддэг үед буюу өвөл, хаврын улиралдаа иймэрхүү байдлаар хатуу захирамж, тушаал гаргаад байвал жилийн дараа л эмхэндээ орчих болов уу. Монголчууд хэтэрхий дураараа ард түмэн.

Нүүдэлчин ахуйн соёлоо суурин иргэншилд хаяж чадахгүй явсаар байгаа. Гэвч хатуу хууль дүрэм гаргаад мөрдүүлээд эхлэхээр дорхноо л дасан зохицож, түүнийг нь хэрэгжүүлж эхэлдэг. Тухайлбал, Тамхины хяналтын тухай хууль батлагдсанаас хойш сургууль, цэцэрлэг, хоолны газруудад тамхи татахаа больсон. Автомашиныг нь дугаарын хязгаарлалтаар явуулж эхэлснээс хойш мөн л эмхэндээ орсон. Саяхнаас нэгдүгээр эгнээгээр зорчсон машинуудыг торгоно гэх журам гарсны дараа камерын “нүд хариулаад” нэгдүгээр эгнээ рүү зүтгэх нь багаслаа. Энэ мэтээр хууль журмыг ягштал биелүүлэх атлаа ухамсраараа хийчих энэ мэт зүйлд урагшгүй байгаа учраас өвчний үед гарсан тогтоол, захирамжаа ядахдаа зургаан сар хүртэл үргэлжлүүлье, Хотын дарга аа. Их хотын иргэн та бүхэн ч дүрмээ ягштал мөрдөж гэмээнэ орж ирээгүй халдварт өвчнөөс гадна жилд 400 гаруй иргэний амийг авч одож буй уушгины сүрьеэ, томуу, томуу төст өвчнөөр өвдөж буй олон зуун хүний амийг аврах ачтай үйлс болох юм шүү. Нийтээрээ нэг жил хичээхэд л нэг л мэдэхэд сурцгаачихна даа. Их хотын гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе. 

Б.Эрхэс