Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Манай улсад шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 58 улсад шинэ коронавирусийн халдвар тархаад байгаа ажээ.
Нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ярихдаа, “Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын цахим хурлаар коронавирусийн тархалт гэр бүл, ойр тойрны хүрээнд халдварлах байдал нэмэгдэж байгааг онцолсон. Энэ нь энгийн байдлаас давсан хүч чадал шаардаж байна гэдэг мэдээллийг өгсөн юм.Мөн шинэ вакциныг гаргаж авахад 12-18 сар шаардлагатай гэж үзсэн бөгөөд одоогийн байдлаар Ремдесивир эмийн эмнэлзүйн туршилт үргэлжилж байгаа.
Монгол Улсад сэжигтэй тохиолдол 16 байгаа бол ажиглалтад 309 хүн байна" гэлээ.
Ажиглалтад байгаа талаарх мэдээллийг хүргэвэл,
ХӨСҮТ-д 88 хүн
Цэргийн төв эмнэлэгт 65
Улсын Хоёрдугаар эмнэлэгт 9
Асралт мед эмнэлэгт 32
Жаргалантын сувилалд 41
Баян-Өлгий, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Дорнод аймагт бусад тохиолдлыг ажиглаж байна.
Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэхдээ, “2020 оны хоёрдугаар сарын 28-нд тусгаарлагдсан 5 тохиолдолд шинэ вирус илрээгүй. Хоёрдугаар сарын 29-нд тусгаарлагдсан ХӨСҮТ-д 2, Сэлэнгэ аймагт 9 нийт 11 тохиолдлыг тусгаарлан тандалт судалгааг хийж байна“ хэмээлээ.