Монголын шилдэг хамтлагуудын нэг болох “Хурд” хамтлаг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, хандивын аян зохион байгуулах болон коронавирусийн эсрэг тэмцэж буй үйлсэд хандив өгч буйгаа мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, “Хурд” хамтлаг, “Монгол HD” телевизтэй хамтран ирэх ням гарагт буюу гуравдугаар сарын 08-ны өдөр "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтоо онлайн хэлбэрээр хүргэх аж.
Хамтлагийн ахлагч Д.Ганбаяр энэ талаар хэлэхдээ “Дэлхий нийтээрээ халдварт вирус өвчний улмаас шаналж байгаа энэ үед урлагийн бид ч хэрэгцээтэй газарт тайвшрал, тайтгарал өгөх ёстой. Тиймээс ард олон монголчуудынхаа сэтгэлийг цэнгээх, тайтгаруулах үүднээс “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтоо онлайнаар зохион байгуулах гэж саналаа барьж орж ирлээ. Зөвхөн онлайнаар явна. Коронавирусийн эсрэг тэмцэж байгаа ажилтан, албан хаагчид, ард иргэдтэйгээ сэтгэл санаа нэг байгаагаа илэрхийлэх зорилготой юм. Эмнэлэг, цагдаа, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн хяналтын байгууллагынхан тэргүүн фронтод зогсож байна. Урлагийнхан бид ч сэтгэл нэг шүү гэдгээ хэлэхийг хүслээ” гэсэн юм.
Харин хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр “Монголчууд сар шинийн баяраа онлайн хэлбэрээр хийлээ. Тиймээс бид ч сэтгэл нэг шүү гэдгээ илэрхийлж “Мартын-8”-ны өдөр дуу хуураар ард түмэндээ бэлэг барихыг хүслээ. Монгол орон даяар тоглолт маань онлайн хэлбэрээр хүрнэ” гэлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин монголчуудын өмнөөс талархлаа илэрхийлж “Дэлхий дахинд хэдээр нэмэгдэж вэ хэмээн өглөө бүхэн тоо харж байна. Сэтгэл маш их зовж байгаа. Солонгос улс тэр тусмаа анхаарал татах боллоо. Монголын 49 мянган иргэн тэнд ажиллаж, амьдарч байна. Зөвхөн Солонгос ч гэхгүй Иран, Итали зэрэг улс орнууд асуудал хурцадсан. Бидэнд зүгээр суух эрх алга. Тиймээс Улсын онцгой комисс өдөр бүхэн хуралдаж, асуудлаа хэлэлцэж байна. Нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй гэж шийдэж, "Мартын-8", Цэргийн баяр, Наурызын баярыг зохион байгуулахгүй гэж шийдлээ. Зарим нислэгийг зогсоохоос өөр аргагүй боллоо. Солонгос зэрэг улсаас ирж байгаа иргэдээ Замын-Үүд, Алтанбулаг, Буянт-Ухаа боомтоор хүлээн авч, тусгаарлана. Өвчнийг оруулж ирэхгүй байхад л бүх анхаарлаа хандуулж байгаа. Эх орноо хайрлах чин сэтгэлийг үргэлж уран бүтээлдээ шингээж ирсэн та бүхний ажилд амжилт хүсье. Маш их баярлалаа” гэлээ.
“Хурд” хамтлагийнхан мөн урьдчилан сэргийлэх ажилд зориулан хандив гардуулж, мөн онлайн хэлбэрээр иргэдээс хандив цуглуулж, УОК болон Эрүүл мэндийн яаманд гардуулна гэлээ. Иргэд гэртээ сууж тоглолтоо тухлан үзэж, гадуур гарахгүй байхыг хамтлагийнхан мөн уриалсан юм.