Дэлхий дахинаа тарсан өвчний гороор ч гэх үү, ачаар ч гэх үү энэ жилийн цагаан сарыг даруухан тэмдэглэх шийдвэр төр засгаас гарсан юм, уг нь. Төрийнхөө энэ шийдвэрийг биелүүлэх гэж хичээсэн цөөхөн хэсэг нь хотдоо үлдэж, хөргөгч, ор хоёрын дунд хөл хорио тогтооё хэмээн хошигноцгоон жинхнээсээ гэртээ бүгэв. Уйдсандаа хөзөр, даалуу эргүүлснээ ч соошл орчинд зарлав. Телевизүүдээр гарсан нийтийн дууны хэдэн тоглолтыг эргүүлж, тойруулж үзлээ. Бүр ядаад сурагчдын теле хичээлийг ч судаллаа. Гэрийнхээ обойны цэцгэн хээ, кг будааны ширхэгийг тоолсон хүн хүртэл байна, цаана чинь. Гэтэл төрийн шийдвэр бол хууль хэмээн итгэсэн гэнэн тэнэг хэдийг ийнхүү “хийцгүйрч” байх зуур 14 мянгуулаа цагаан сар хийж, аав ээждээ золгохоор хөдөө орон нутгийг зорьсон хүмүүс нь өргөн талдаа жаргаж, жаргаж өчигдөр л сүр дуулиантайгаар их хотдоо ирцгээлээ. Соошлоор хөдөөгийнхөн манай хотод орж ирээд бэлгийг маань авч байна, хөдөөнийхөн цагаан сар тэмдэглэх гэж байна гэж хамгийн их орилчихоод, харин үгэнд нь ороод үлдсэн иргэдээ “араар” нь тавьж, өөрсдөө харин золгож, баярлаад ирэв.
“Хотоос хүн авахгүй ээ” хэмээн хөл хорьж байсан ах дүүгээ хүндрүүлж, айл хэсэж, аяга хоослоод орж ирлээ. Бүр 40 мянган автомашин хөлөглөж, постны гадна түгжирч, нам гүм байсан нийслэл хотын хөл хөдөлгөөнийг нэмлээ. Хот руу орж ирэхэд нь залуус “Welcome to Ulaanbaatar” гэсэн сүртэй уриа лоозонтой угтаж, эрээд олдохгүй эрдэнэ мэт болсон амны хаалтыг үнэгүй тараав. Азтай юм аа, тэд. Араар тавиулчихсан азгүй туучийнууд шүү, бид. Үнэгүй байтугай, үнэтэй нь олдохгүй байхад азтай юм аа, та нар. Аргагүй л нутаг усаа эргэж, уул овоо хэсэж, ээж аавдаа очоод ирснийх хулгана жилийн хийморио сэргээж чаджээ. Гай ч үгүй, гавьяа ч үгүй тэдний эсэргүүцэл, төрийн шийдвэр хоёроо дагаж гэртээ үлдсэн та, бид харин азгүй юм. Төр засгаас гаргасан үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлж байхдаа таарчээ, таарч. Төр засгийн шийдвэр, Ерөнхийлөгчийн үг, уриалгыг цөөн хэдэд даатгаж үлдээгээд одсон та нартай бүр барьцмаар санагдаж, хор шар хөдлөөд болохгүй юм. Дахиж л хамгийн чангаараа соошлоор орилсон хотын та нарт итгэхгүй юм шүү.
Соёлтой, хүлээцтэй иргэн болох гэж хотоос гарахгүй гүрийхгүй юм шүү гэж бүр адармаар, адилхан зиндаархмаар санагдаад болсонгүй. Эргэж ирэхдээ адлуулж биш уриа лоозонтой, улс орныхоо төлөө гавьяа байгуулаад ирсэн аятай үнэгүй масктай угтуулна гэж бодохоор нойр ч хүрэхгүй байна. Ах дүү элгэн саднаа эргэж, амраг ханьтайгаа хамт “Март” тэмдэглэмээр санагдаж, жинхнээсээ “орк” зангаа харуулмаар санагдчихлаа. “Танайх паараар халдаг, манайх бакришка түлдэг” гэдэг шиг та нар бэлэгтэй, бид бэлэггүй, та нар агаарт, бид бүгчим байшиндаа хөл хоригдлоо. Та нар хэсэх айлтай, бид зөвхөн бие засах өрөө рүүгээ л хэслээ. Та нар шиг улсын нийслэлдээ уриа лоозонтой уригдахаа мэдсэнсэн бол, үнэгүй маск, халуун аарцтай угтуулах байсан бол явах л байжээ. Даанч “орк” биш гэдгээ харуулах гэж, бас олуулаа явчихсан та нарын нүүрийг тахлах гэж хажуу айлынхаа мэндийг ч мэдэж чадсангүй, бид.