БНСУ-ын Гадаад иргэн, харьяатын газраас коронавирусийн халдвар тархалтаас гадаадын иргэдийг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өөрийн улсын иргэдэд мэдээлж сурталчлахад дэмжлэг үзүүлэхийг хүсч дараах тус улсад суугаа Элчин сайдын яамдад мэдэгдэл хүргүүлжээ. Үүний дагуу тус улсад суух Монгол Улсын Элчин сайдын яам иргэддээ хандан дээрх мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Тодруулбал,
1. Хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд сайн дураар нутаг буцах өршөөлийн хугацаа болох 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс хойш эрүүл мэндийн байгууллагын тусгаарлалтад орж нутаг буцаж чадаагүй бол эдгээр иргэдэд эмнэлгийн нотлох бичгийг үндэслэн өршөөлд хамруулна.
2. Хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэд хуулийн байгууллагад баривчлагдах, саатуулагдахаас болгоомжилж, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйгээс коронавирусийн халдвар тараах эрсдэл өндөр байна. БНСУ-ын “Гадаадын иргэн, харьяатын тухай хууль”-ийн дагуу БНСУ-д хууль бусаар оршин сууж буй визийн зөрчилтэй гадаадын иргэд эрүүл мэндийн төв, эмнэлэгт хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа визийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй болно.
3. БНСУ-ын Гадаад иргэн, харьяатын газар гадаадын иргэд коронавирусын халдвар авсан тохиолдолд холбогдох мэдээллийг ЭСЯ-нд нь өгнө. Эрүүл мэндийн олон улсын дүрмийн 40-р заалт болон дотоодын холбогдох хуулийн дагуу коронавирусийн халдвар авсан гадаадын иргэдийн эмчилгээний зардлыг БНСУ хариуцана.
-ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464
-Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд Пусан дах Консулын газарт хандана уу. Утас: (051)465-9996, 010-4966-7103
-Гэрээт ажилчид Сөүл дэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандана уу. Утас: (02) 2266-9229, (02) 2278-8030