Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Я.Буянжаргал: Гурван иргэн Итали руу зорчсон мэдээллээ нууцалсан
/ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга/
-Өнөөдөр өглөө Нурсультан УБ чиглэлээр 27 зорчигч ирж, нэг иргэнийг тусгаарласан. Мөн Туркиш Эйрлайнс"-ын онгоцоор Италиас дамжсан хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байгаа. Өчигдөр гэр бүлийн гурван иргэн Итали руу зорчсон мэдээллээ нууцалсан төдийгүй нэг нь ажилдаа шууд очсон болохыг камерын тусламжтай илрүүлсэн, тандалт, судалгааг хийж байна. Гэр бүлийн гурван хүн Итали руу зорчсоноо нууж Москвагаар дамжин ирсэн нь иргэн хүний хувьд маш хариуцлагагүй үйлдэл шүү дээ.
Ж.Амгалан: Онгоцноос буусан иргэн Налайх руу зугтсан
/ЦЕГ-ын газрын дарга хурандаа/
-Засгийн газар УОК-ийн шийдвэрээр энэ сарын 3-ныг хүртэлх хугацаанд хорио цээрийн дэглэм сахиулж ажилласан. Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд эрүүл мэндийн байгууллага, улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр хичээж ажиллаж байна. Гэхдээ зарим иргэд хариуцлагагүй, хууль тогтоомжоо сахиж хэрэгжүүлдэггүйгээс болж зөрчил гарч байна. Тухайлбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэд гарах шаардлага тавьсан бол онгоцноос буусан иргэн Налайх руу зугтсан зэргээр нэрлэж болно. Иргэний үүргээ биелүүлээгүй хэнтэй ч байсан Эрүүл мэндийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Зөрчил гаргасан иргэдэд дэглэмийн хугацаа дууссан хариу нь сөрөг гарсны дараа хатуу хариуцлага тооцох болно. Италиар дамжсан иргэн бага насны хүүхдээ дагуулан явсан байсан. Италиар дамжсан гэдгээ нуун дарагдуулж байгаа нь төрийн алба хаагчдын ажлыг хүндрүүлж байна.
Д.Нямхүү: Түүврийн аргаар судалгаа хийхэд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй
/ХӨСҮТ-ийн захирал/
-ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан лабораторийн шинжилгээ хийж байна. Нийт найман хүнийг эмчийн ажиглалтад авсан. Дүүргүүдийн эмнэлэгт уушгины халдвараар өвчлөн эмчлүүлж байгаа иргэдийн дунд санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийхэд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй