Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 вирусийн талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 217 хүний хоёр нь халуурч, ханиалгах шинж тэмдэгтэй байсан тул ХӨСҮТ-д тусгаарласан билээ. Тэгвэл уг хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусгүй гэж гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр “Өчигдөр ХҮСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Эдгээр хүмүүсээс вирус илэрсэн мэтээр ташаа мэдээлэл гарч, олон түмнийг сандаргасан. Өчигдрийн байдлаар нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байна” гэлээ.