ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Захиргааны хуулийг оруулж ирсэн нь Засгийн газар огцрох үндэслэл болж мэднэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-25

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн билээ. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн аж. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Өнөөдрийн хуралдаанаар нэлээдгүй олон асуудал хэлэлцлээ. Гэхдээ гол гэсэн гурван асуудлаар байр сууриа илэрхийлье. Хамгийн эхэнд бид Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудлыг ярилцлаа. УИХ-аар нэн яаралтай горимоор энэ асуудлыг хэлэлцэж байгаа учраас Уул уурхайн сайд Д.Сумъяабазараас мэдээлэл авлаа. Мөн УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдааныг дүгнэсэн АН-ын дүгнэлтийг хэлэлцсэн. Гуравдугаарт, УИХ-аар хэлэлцэж байгаа хуулиуд дотроос АН байр сууриа илэрхийлэх зайлшгүй чухал хууль нь юу байна вэ гэдгийг ярилцсан.

Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг АН цааш нь дэмжээд явах шийдэлд хүрлээ. Гэхдээ дэмжлэгэд учир байгаа. Ажлын хэсгийн хүрээнд АН-ын бүлгийн байр суурь болгож нөхцлөө тохирох ёстой гэж бодож байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг хэрхэн тусгасныг харна. Төрийн гурван өндөрлөгийн оролцсон энэ шийдэл, улс төрийн зөвшилцлийн бүрэлдэхүүн байдаг учраас аль ч намын бүлэг зөвлөмжийн талаар мэдээлэл авах ёстой.

30 хувийг гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр гаргана гэж байгаа бол төрийн мэдэлд байгаа 50 хувь, иргэдийн мэдэлд байгаа 1072 хувьцаа буюу 14 хувийг цаашид нийтийн өмч болгох АН-ын байр суурь яаж хадгалагдаж байгаа нь гол сэдэв болж байна. Олон төрөлт өмч дээр тогтож буй компанийн цаашдын үйл ажиллагааг эдийн засгийн үр ашигтай байдлаар хэрхэн өмчлөх вэ гэдгийг ажлын хэсэг дээр эхлээд ярина. Түүний дараа чуулганаар орно. Тавантолгой ард түмний мэдэлд очих боломжтой болсон үед бид дэмжинэ” гэв. Мөн хаврын чуулганы дүгнэлтээ гурван хэсэгт хувааж гаргажээ. Хаврын чуулганы төгсгөлд олон нийтэд мэдээлэх аж.

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь хаврын чуулганы төгсгөлд шахаж оруулж ирсэн хуулиудаар бүлэг байр сууриа нэгтгэжээ. Татварын багц хуульд гадаад компаниудад хөнгөлөлт үзүүлэх тухай асуудлыг тусгаснаас өмнө нь унаж байсан аж. Тиймээс одоо орж ирсэн хуульд уул уурхайн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тусгаагүй бол дэмжээд явна гэсэн юм. Мөн Дэгийн тухай хуулиар АН-ын бүлэг завсарлага авсан шалтгаанаа тайлбарлав.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль зөрчсөн асуудал руу явж болохгүй гэж үзсэн учраас дахин ярилцаж, зөрчлөө арилгахыг ажлын хэсэгт даалгасан байна. Бүлгийн гишүүд наадмын өмнөхөн хэлэлцэж буй Захиргааны ерөнхий хуулийг дэмжихгүй гэж шийджээ. Бүх шатны байгууллагыг шүүх газаргүй болгосноор Монгол Улсын иргэний өөрийгөө хамгаалах боломжийг үгүй хийж байгаа учраас дэмжихгүй гэв. Мөн Гүйцэтгэх эрх мэдэл болон Үндсэн хуулийг зөрчсөн санаатай оролдлого орж ирсэн учраас АН-ын гишүүд дэмжихгүй, мөн энэ нь Засгийн газар огцрох үндэслэл болно гэдгийг сануулсан юм.