Улсын онцгой комисс хуралдаж, гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл хөл хорио тогтоох шийдвэр гаргасан юм. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Өнөөдөр 06:00 цагт Улсын онцгой комисс хуралдаж яаралтай шийдвэрийг гаргалаа. Эхний шинжилгээгээр “COVID-19” халдвар илэрсэн тул яаралтай арга хэмжээг авахаар болсон. Улаанбаатар хот, аймаг сумаас гарах болон орох, хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гарсан. Гэхдээ олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын олон улсын урсгал, авто замын олон улсын хойд хилийн урсгал нээлттэй байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.