Шинэ төрлийн коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл БНСУ-д буй монгол иргэдээ тусгай нислэгээр эх орондоо авч ирэхтэй холбогдуулан өнөөдөр 12:00 цагаас Улсын онцгой комиссын шуурхай штабаас сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна. ОБЕГ, ГХЯ, МИАТ ТӨХК-ийн холбогдох албан тушаалтнууд оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд юу бүрдүүлэх, ямар дүрэм журам дагаж мөрдөхийг мөн сануулсан мэдэгдэл гаргажээ. Иргэд та бүхэн доорх зургаан шаардлагыг биелүүлсэн тохиолдолд эх орондоо ирэх боломжтой. Хэвлэлийн бага хурал ОБЕГ-т болно.