ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Солонгосоос ирж буй иргэдийг “Энхсаран” сувилалд тусгаарлана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-15

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Япон, Солонгос, Франц, Герман зэрэг улс орнуудад зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдээ тусгай үүргийн онгоцоор авахаар болсон билээ. Тэгвэл эхний нислэг буюу БНСУ-аас иргэдээ авах тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 08.25 цагт Буянт-Ухаа нисэх буудлаас хөөрсөн юм. Онгоц 16.05 цагт Улаанбаатар хотод газардах аж. Тэгвэл эдгээр иргэдийг “Энхсаран” сувилалд байрлуулахаар болсон аж.

Нийтдээ “Энхсаран” сувилал, “Амар” зочид буудал, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн дотуур байранд тус тус тусгаарлах билээ. Солонгос улсаас ирэх 248 иргэний 45 нь эрүүл мэндийн асуудалтай учраас Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт хүргэхээр болсон талаар ОБЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Дуламсүрэн онцоллоо.

Эдгээр иргэдийг Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргасан найман тусгай автобусаар тээвэрлэж, сувилал, эмнэлэгт хүргэнэ. Мөн онгоцонд суухаас өмнө иргэдийн халууныг хэмжиж үзэхэд хоёр иргэн халуурч байсан учраас тэнд нь эмнэлгийн байгууллагад үлдээж, мөн нэг иргэн гадаад паспортоо мартаж ирсэн учраас үлдэхээс өөр аргагүй болжээ. Нислэгийн явцад Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан иргэдийн халууныг мөн хэмжиж, тандалт судалгаа хийнэ.

Өөрөөр хэлбэл, халдвар дэгдсэн хотуудаас ирсэн иргэдийг хойд талд тусгаарлах зэргээр тээвэрлэж ирнэ. Ирснийх нь дараа мөн л ХӨСҮТ-ийн эмч нар газар дээр нь үзлэг хийж, халуунтай иргэн байвал ХӨСҮТ рүү тусгаарлах, байхгүй бол “Энхсаран” сувилал руу явуулахаар болжээ. Мөн эдгээр иргэдийн ачааг Буянт-Ухаа нисэх буудлын ачаа тээшийн хэсэгт 14 хоног байлгаж, халдваргүйжүүлэлт хийх бөгөөд эздийнх нь карентилах хугацаа дууссаны дараа хүлээлгэн өгнө гэлээ.

Иргэд 263554, 1800-1105 гэсэн тусгай дугааруудад хандаж мэдээлэл авах боломжийг Шуурхай удирдлагын штабаас бүрдүүлжээ. Гадаад харилцааны яамны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг “Иргэдийн нарийвчилсан асуумжийг шуурхай удирдлагын багууд хоорондоо солилцож, аль иргэнийг хаана байрлуулах вэ гэдгээ шийдсэн. Тусгаарлагдах газруудад нь хүргэж өгнө. ХӨСҮТ зөвхөн шинж тэмдэг илэрсэн болон Бусан, Тэгү зэрэг хотуудаас ирсэн иргэдийг тусгаарлана. Москва, Берлиний онгоц өнөөдөр өглөө нислээ. Тэр чиглэлээс ирэх онгоц дүүргэлттэй байна. Эцсийн мөчид билетээ буцаах тохиолдол гарч байгаа. Истанбуллын бүртгэлт хийгдсэн. Нислэгийн зөвшөөрлийг авахаар Туркийн талтай ажиллаж байна. Халуунтай иргэдэд Инчон олон улсын нисэх буудалд байгаа эмнэлгийн байгууллага шинжилгээ хийнэ. Мөн тус улсад байгаа Элчин сайдын яамны ажилчид байнга анхаарал тавина” гэсэн юм.