УОК-оос өнөөдөр мэдээлэл хийлээ. Улсын онцгой комиссын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн “Улсын онцгой комиссын шуурхай штабт гамшгаас хамгаалах улсын алба, холбогдох яам агентлагийн 60 гаруй алба хаагчид 24 цагийн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Өчигдөр “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас ирсэн иргэдийг татан авах ажиллагааг гурван цагийн дотор зохион байгууллаа. Эдгээр иргэдийг “Энхсаран” сувилал, Цэргийн төв нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, Жаргалант сувилалд тус тус тусгаарласан. Өнөөдөр өглөө 07.57 минутад Улаанбаатар-Берлин-Москва чиглэлийн “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор Москвагаас 93, Берлинээс 138 нийт 231 хүн ирсэн. Иргэдэд тандалт хийж байна. Эхний ээлжид 19 хүний ХӨСҮТ-д тусгаарлахаар болсон бол бусад иргэдийг Баянзүрх дүүрэгт байрлах “Амар” зочид буудалд тусгаарлахаар бэлтгэл ажлыг хангаад байна.Түүнчлэн өнөөдөр өглөө 09.08 минутад Япон улс руу тусгай үүргийн онгоц хөөрсөн. Оройн 20.25 цагт газардана. Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг хүлээж авах, түр тусгаарлах зорилгоор Баянзүрх дүүрэгт байрлах “Парк”, “Амар” зочид буудал Баянгол дүүрэгт “Наранбулаг” зочид буудал болон хоёр дүүрэгт гурван аж ахуй нэгжийн байруудад иргэдийг хүлээн авахаар ажиллаж байна” гэв.ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Улсын онцгой комиссын шуурхай штабын баг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Өнөөдөр нэг онгоц бууна. Маргааш Туркын Истанбул хотоос дараагийн онгоцыг хүлээж авна. Дэлхий нийтээр нөхцөл байдал хүндэрч байна. Өөрөөр хэлбэл, өвчилсөн хүний тоо дэлхий нийтийн хэмжээнд 150 мянгад хүрсэн. Амь насаа алдсан хүний тоо 6500 дээш нас бараад байна. Халдвар авсан улсын тоо 150 болж хурдтай өсч байна. ДЭМБ-аас хоёр хоногийн өмнө Европ тив том голомт болсон гэдгийг зарласан. Зөвхөн Испани улсад ойролцоогоор 46 сая хүн гэрийн хорионд ороод байна. АНУ өчигдрөөс Их Британи, Ирландаас онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн гэх мэт гадаад улсууд хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ ажлуудыг харахад Монгол Улстай төстэй арга хэмжээг авч байна. Цаашид олон удаа онгоц хүлээн авахад хүндрэлтэй болж байна. Мөн Берлин, Москвагийн нислэгээр ирсэн хүмүүсээс тодорхой шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д 19 хүн тусгаарлалаа. Ерөнхийдөө Истанбулд наашаа ирэх хүсэлтэй эрсдэлтэй иргэдийн тоо гарсан. Монгол Улс өмнө нь гадаадын иргэдийг хүлээн авахгүй гэдгээ зарлаад байсан. Зөвхөн ОХУ-аас орж ирж буй хүнсний тээврийн жолооч нарыг нэвтрүүлж байгаа. Халдварын эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэх учраас олон удаа нислэг үйлдэх хөдөлгөөнийг хязгаарлана. Дэлхий даяар амьдарч буй 190 мянга орчим монголчууддаа хэлэхэд улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахын тулд тухайн орондоо дасан зохицож, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах хэрэгтэй” гэсэн юм.