"Global Youth Entrepreneurship Challenge" (GYEC) буюу Өсвөрийн Энтрепренеруудын уралдаан нь Японы “Center for Entrepreneurship Development” байгууллага болон Индонезийн “Surya” институтээс зохион байгуулдаг өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилго бүхий олон улсын уралдаан юм.
Тэгвэл энэхүү уралдааны бүртгэл энэ сарын 17-ноор дуусгавар болох тул хүүхэд, залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Тус уралдааныг “Хүүхдийг Ивээх Сан”, “Хөгжлийн Шийдэл” ТББ Монгол Улсад дөрөвдэх жилдээ зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилээс нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын Газраас дэмжлэг үзүүлэн хамтарч байгаа аж.
Уралдаанд Улаанбаатар хотын 15-19 насны ахлах ангийн сурагчид оролцох боломжтой. Тэмцээнд найм хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцох бөгөөд багадаа нэг гишүүн нь англи хэлний өндөр мэдлэгтэй байна. Өсвөрийн Энтрепренеруудын уралдаан сургалт, Нийслэлийн болон Олон улсын түвшний тэмцээн гэсэн гурван үе шаттай зохион байгуулагдах бөгөөд бүртгүүлж шалгарсан найман багийн сурагчид дөрвөн удаагийн "Энтрепренершип" сургалтад үнэ төлбөргүй хамрагдана.