Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн давуу эрхээ эдэлж, хамаарал бүхий хоёр компанидаа зээл авсан, мөн төрийн өндөр албан тушаалтнуудад зээл олгоход нөлөөлсөн гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Тодруулбал, “Онч шийдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийг шүүхээс ердийн журмаар шийдвэрлэхээр болсон. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан.
Шүүх хуралдааныг өнөөдөр өглөө /2020.03.17/ 10.00 цагт товлосон байсан ч ирэх дөрөвдүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хойшлууллаа. Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай Нийслэлийн Прокурорын газрын хүсэлтийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна. Шүүх хуралд шүүгчдэгч Б.Батзориг өөрийн өмгөөлөгчийн хамт иржээ. Гэсэн ч тэрбээр, мэдээлэл өгөхөөс татгалзан гарч явсан юм.