“Тавантолгойн” орд газрыг БНХАУ-ын "Шинхуа" компанид 100 жилээр өгөх гэж байсан гэх хэрэгт холбогдуулан, Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
Тэгвэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Таван толгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Таван толгой төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр УИХ-д өргөн барьсан гэх зүйл ангиар түүнийг буруутган яллахаар болжээ. Мөн Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт буруутган, яллах дүгнэлт үйлдсэн гэдгийг Нийслэлийн прокурорын газраас мэдэгдлээ. М.Энхсайханд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн аж.
Түүнийг өнгөрөгч оны зургадугаар сарын 20-ноос эхлэн сэжигтнээр татан шалгаж, улмаар Цагдан хорьж байлаа. Гэсэн ч тэрбээр өөрийгөө гэм буруугүй, “Шинэ хонгил”-оор ачигдах гэж байна хэмээн мэдэгдэж, бүр хорих ангиас гарч ирснийхээ дараа нийтлэл хүртэл бичиж байсан удаатай. Нэг жил орчим хугацаанд шалгаж, нотлох баримт бүрдүүлсний эцэст шүүх түүний гэм буруугүйг дэнслэхээр болж байна.