ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байсан шүүгч эмэгтэй Л.Бямбаа агсан өөрийгөө хорлож, амь насаа алдсан хэрэг өнгөрөгч 2019 оны хоёрдугаар сард гарсан билээ.
Түүний амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарын таван хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сүхболд нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч болох Б.Аделбек, Ж.Уранчимэг ирээгүй шалтгаанаар шүүх хуралдааныг энэ сарын 30-ны 09.00 цаг хүртэл хойшлуулав.