УИХ-ын гишүүн асан МАХН-ын гишүүн Ц.Шаравдоржтой ярилцлаа.
-Сүүлийн үед та юу хийж байгаа вэ. Г.Занданшатар даргын бодлогын зөвлөлөөс гарсан сураг байсан?
-Ер нь чөлөөтэй л байна. Гэхдээ чөлөөтэй байна гээд ажилгүй суулгүй өөрөө өөртөө ажил өгөөд ном бичиж байгаа. “Социализмын хэлмэгдүүлэлтийн сүүлчийн золиос Ю.Цэдэнбал”, “Дүр эсгэсэн ардчиллын үеийн хэлмэгдүүлэлтийн золиос Н.Энхбаяр” зэрэг номуудыг гаргаж, үргэлжлүүлэн “Манан буусан Монголын золиос С.Зориг” номоо хэвлэлтэд өглөө. Түүнийхээ хажуугаар зүгээр суухгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын эдийн засгийн амин сүнс болсон нүүрс тээвэрт явж байгаа 14 мянга гаруй жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэхийн тулд төр, хувийн хэвшил хамтарч ажиллах ёстой хэмээн үзэж “Тээвэрчдийн хотхон” байгуулах шийдвэр гаргасан юм. Энд оролцож байгаа хувийн хэвшлийн нэг компанид зөвлөж байгаа.
-Сонгуулийн хуулийн асуудлаар та Үндсэн хуулийн цэцэд хандсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Сонгуулийн хуулийг хийнэ гэдэг улстөрчдийн тоглолт болчихсон. Ялангуяа УИХ-ын сонгууль бол хуулийнхаа дагуу шударга явах ёстой. Гэтэл улс төрийн эрхийг авсан тэр хүчин өөртөө ашигтайгаар Сонгуулийн хуулийг хийдэг практик тогтчихлоо. Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-аас батлан гаргасан Сонгуулийн тухай хууль бол яг л ийм жишгээр хийсэн. МАН өөрийн хүмүүсээ гаргахын тулд өөртөө ашигтай байх системийг сонгож, баталлаа. Энэ хууль бол Монгол Улсын Үндсэн хуулийг олон заалтаар зөрчсөн. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд хоёр үндсэн асуудлаар хандсан. Нэгдүгээрт, авлига албан тушаалын гэмт хэрэгт шийтгэгдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл хүнийг насаар нь нэр дэвших эрхийг нь хасаж байна гэсэн үг. Энэ асуудлаар тавьсан гомдлыг минь Үндсэн хуулийн цэц ямартай ч хэлэлцэхээр боллоо. Хэрэг үүсгэлээ гэдгээ Цэцээс надад мэдэгдсэн. Энэ хуулийн бас нэг ноцтой асуудал нь гадаадад байгаа иргэдийн сонгох эрхийг хязгаарласан явдал.
Өнөөдрийн байдлаар 200 гаруй мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч байна. Монголын төр иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж чадсан бол энэ олон хүн хар бор ажил хийхээр харийн орныг зорихгүй нь ойлгомжтой. Гэтэл амьдрахын эрхээр гадаадад байгаа иргэдийнхээ Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг хааж, сонгуульд оролцуулахгүй байх хууль гаргачихлаа. Энэ бол маш ноцтой асуудал. Иргэнийхээ эрхийг эдлүүлэхийн тулд бололцоот бүх арга хэмжээг авах нь төрийн үүрэг. Тиймээс Сонгуулийн хуулиар гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрхийг нь нээж өгөх ёстой юм. Гадаадад байгаа гэсэн шалтгаанаар эрхийг нь хааж болохгүй. Сонгох, сонгогдох эрхээ эдэлнэ гэдэг төрийн хэрэгт оролцож байгаагийн нэг хэлбэр. Энэ эрхийг нь эдлүүлэхгүй байна гэдэг эх оронтойгоо холбогдож байгаа амин холбоог тасалж байна гэсэн үг. Чи Монголын иргэн биш гэж байгаатай яг адилхан.
-Гадаадад байгаа иргэдийг санал өгүүлэхгүй гэсэн үндэслэл нь юу юм бол?
-Үндсэн хуулийн цэцийн нэг гишүүний надад ирүүлсэн тогтоолд сонгуулийн систем нь болохгүй байгаа гэсэн байна билээ. Мажоритар системийг сонгосон учраас гадаадад байгаа иргэдээс санал авах боломжгүй гэж байна. Өөрөөр хэлбэл, оршин суух газар нь тодорхой, бүртгэлтэй иргэд санал өгөх ёстой гэж баталсан хуулиа өмгөөлж байгаа юм. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн гадаадад байгаа иргэд намын төлөө санал өгдөг гэсэн мэдэгдэл хийж байна. Монголын бүх иргэн л намын төлөө саналаа өгч байгаа шүү дээ. Энэ бол шалтаг биш.
-Тэгэхээр сонгуулийн системийг буруу сонгосон гэсэн үг үү. Та томсгосон мажоритар системээр сонгууль зохион байгуулахыг дэмжихгүй байгаа юу?
-Үнэнийг хэлэхэд дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл мажоритарыг зөвтгөөд гадаадад байгаа иргэдийг санал өгүүлэхгүй гэж байна. Тиймээс энэ систем болохгүй гэж бодож байгаа. УИХ иргэнийхээ Үндсэн хуульд заасан эрхийг зөрчсөн хууль баталчихаад байхад Үндсэн хуулийн цэц түүнийг нь зөвтгөсөн тайлбар хийж байгаа нь байж болшгүй асуудал. Цэц Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй. Гэтэл УИХ-аас хамгаалж чадахгүй байгаа. Эрх баригчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хууль гаргадаг юм байж. Гэтэл Цэц нь үүнийг Үндсэн хуулиа зөрчиж байна гэж яагаад хэлж чадахгүй байна вэ. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц бол улстөрчдөд үйлчилсэн байгууллага болсны илрэл. Монгол Улсын Үндсэн хууль хамгаалагчгүй болчихлоо. Хамгаалахаар өгсөн иргэдийнхээ өргөдөл, гомдлыг түлхдэг байгууллага болчихлоо.
-Ирэх сонгуулиар улс төрийн намууд нэгдэж ажиллана гэж байгаа. Яг ямар байдлаар нэгдэж ажиллана гэсэн үг вэ?
-Сонгуульд улс төрийн намууд дангаараа болон эвсэл болж орох тухай хуулийн заалт бий. Үүний дагуу л улс төрийн намууд нэгдэж эвсэл болж оръё гэж байгаа юм. Минийхээр энэ бол зүй ёсны шийдэл. Сүүлийн 30 орчим жил төрийн эрхийг ээлжлэн барьсан МАН, АН сонгуульд яаж орох нь тодорхойгүй байна. Өнгөрсөн сонгуулиар олон “хэцүү” хүн сонгогдсоныг бид харж байгаа. “Хэцүү” гишүүдийн балгаар намынх нэр хүнд унаад зогсохгүй төрийн нэр хүнд унаж байна. Тиймээс улс төрийн намууд нэгдэж, эвсэл болж сонгуульд оролцох нь нээлттэй асуудал.
-Намаас нэр дэвших болон дэвшүүлэхгүй хүмүүс эхнээсээ тодорхой болж байгаа байх?
-Би МАХН-ын бодлого шийдвэрийг ярих хүн нь биш. Гэхдээ зөвлөлд байгаагийн хувьд ирэх сонгуульд манай нам оролцоно. Оролцох ч ёстой. МАХН-ын сонгуульд оролцуулахгүй байх, намын дарга Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй байх асуудал урьд нь байсан одоо ч байгаа. Н.Энхбаяр бол сонгуульд оролцох, сонгох, сонгогдох эрх нь нээлттэй. Энэ эрхийг нь хасах гэж оролдож байна. Төр түшилцэх бүрэн чадамжтай, ёс зүйтэй залуу боловсон хүчин манай намд олон бий.
-Н.Энхбаяр даргын холбогдсон хэрэг авлига, албан тушаалын ноцтой гэгддэг хэрэг шүү дээ?
-Сонгуулийн хуульдаа авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол гэсэн заалт оруулж байгаа нь Н.Энхбаярт зориулсан заалт юм. Үнэнийг хэлэхэд УИХ-ын гишүүдээс ичиж байгаа. Авлига албан тушаалын гэмт хэрэг ноцтой юу гэвэл тийм. Хүнд гэмт хэрэг мөн. Өнөөдөр хүн амь, хүчин, хар тамхины хэрэгт холбогдсон түшээд өнөөгийн УИХ-д хэд байгаа билээ. Гэтэл энэ хэргүүд бол хэрэг биш болж таарч байгаа юм. Н.Энхбаярын хэрэгт холбоотой 60 хуудас хавтаст хэргийг нь би уншсан. 12 жил шүүгч хийсэн хуульч хүний хувьд эрүүгийн хэрэг гэдгийг, хэргийн бүрдэл яаж харагддагийг мэднэ. Гэтэл тэр бүрдүүлсэн 60 хуудас хавтаст хэрэг дотор Н.Энхбаярыг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэх нотолгоо байдаггүй. Тиймээс энэ хэрэг бол хилс зохиомол хэрэг гэдгийг хэний ч өмнө хэлнэ.
-О.Баасанхүү гишүүн МАХН намайг нэр дэвшүүлэх үүрэгтэй гэдэг. Танай нам харин нэр дэвшүүлэхгүй гэж байгаа. Намаасаа албан ёсоор гараагүй биз дээ?
-Би энэ хүний талаар ярих дургүй. Гутдаг байхгүй юу. Энэ залуу МАХН-ын нэрээр гарч ирсэн. Тиймээс энэ намд баярлаж байх ёстой. Гэтэл алтан загасны эмгэн шиг МАХН-ын дарга болно гэж дайрч байсныг санаж байгаа байх. Төрийн ордонд шөнийн 03:00 цагт автобус дүүрэн хүн оруулж хурал хийснийг мэдсэн үү. Энэ хуралд би орох гэсэн ч намайг оруулаагүй. Ц.Шаравдоржийг битгий оруул гэж хэлсэн байна билээ. Ийм л агуу ихийн дэмийрэлтэй хүн юм. Надаас шийдвэр гардаг байсан бол би аль хэдийн намаасаа хөөсөн байгаа. МАХН О.Баасанхүүг намаасаа нэр дэвшүүлэхгүй. Сонгууль дөхөхөөр л Л.Гүндалай, О.Баасанхүү гэх мэтийн хүмүүсийн хаврын “юм” эхэлчих юм.
-МАХН нэр дэвшигчиддээ ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Нэр дэвшигчдийн тухай асуудлыг одоогоор яриагүй байна. АН зуун сая, МАН мөнгө авахгүй гэж байна. Үнэндээ авч л байгаа. Манай нам бол тавдугаар сар гаргаад хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодорхой болгоно. Бидний гол шалгуур бол мөнгө, төгрөг биш. Бөхчүүд эсвэл мөнгө ихтэй олигархиудыг нэр дэвшүүлэхгүй. Гол нь мэдлэг чадвар, УИХ-ын гишүүн болоод хуулийг төр түмнийхээ эрх ашгийн үүднээс гаргаж чаддаг чанарыг нэгдүгээрт тавина. Чи мөнгө өгөөгүй учраас нэр дэвшүүлэхгүй гэсэн асуудал байхгүй.
-Ирэх сонгууль шударга болно гэдэгт итгэлтэй байна уу?
-Шударга болоосой гэж хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд дэндүү шударга бус явагдлаа. Сонгуулийн хайрцгийг санал луйварлах хэрэгсэл болгохоор л ашиглаж байгаа. Үүний горыг монголчууд л эдэлж байна. Энэ сонгуулийн хуулиар бол шударга болно гэхэд хэцүү.
-Шударга гэснээс Боловсролын зээлийн сангаар суралцсан хүмүүсийн дотор таны нэр явж байсан?
-Би зээлээр сурснаа санахгүй байгаа. Миний үр хүүхдээс ч боловсролын сангийн зээлээр сурсан хүн байхгүй. Би 1979 онд Эрхүүгийн их сургуулийг төгссөн. Гадаадад сураад ирсэн хүн дахиж сурна гэж юу байх билээ. Би 1979 онд сургуулиа төгссөнөөс хойг гадаад руу мэргэжил дээшлүүлэх гэж ч яваагүй. Муу л бол баруун хойд талын хар овоохой гэдэг шиг Ц.Шаравдорж УИХ-ын гишүүн байсан авсан байж таарна гэсэн юм явж байж болох юм.