Эрүүл мэндийн яам шинэ коронавирусийн халдварын тархалт, тархалтыг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хяналт шуурхай албаны хэлтсийн дарга Х. Нарангэрэл хэлэхдээ “Дэлхий нийтээр хөл хорио тусгаарлалтын дэглэмд дэлхий нийтээрээ шилжлээ. Гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлалтад байлгана, зөрчвөл хариуцлага тооцно. Европын орнууд гэрийн хорио хэрэгжүүлж байна. Бие бялдар эрүүл мэнд сайтай нь дэлгүүр хоршоо явж хүнсээ цуглуулна. Бага насны хүүхэд, ахмад настанг гэрээс гаргахгүй. Монгол Улс нэлээн дээрээс гэрийн хориог хэрэгжүүлж эхэлсэн.
Өрхийн эмчид очихгүй байхын тулд цахимаар эмээ захиалж, эрүүл чийрэг биетэй нь эмийг нь авчирч өгдөг. 7-10 хоног эмээ бичүүлж авч, хэрэглэж байна” гэв. Харин ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал мэдээлэхдээ “Нийтдээ 2272 хүнийг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 1337 иргэн ажиглалтын байранд хянагдаж байна. Сэжигтэй 300 тохиолдлыг ажиглалтад авснаас дөрөв нь халдвартай болох нь шинжилгээгээр баталгаажсан. Өнөөдөр Истанбулаас тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн тоо тодорхой бус, 252 зорчигч ирнэ гэсэн мэдээлэл бий. Иргэдийг Бага буян, Асралт мед эмнэлэгт хүлээн авахаар бэлтгэл хангаж байна, Мөн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлахаар томилгоог хийсэн. Истанбулын онгоцоор нэлээд хүнд хүүхэд ирнэ гэсэн учраас ХӨСҮТ-ийн эмчийг явуулсан. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс дахин нэг халдвар илэрч, нийт халдварын тоо зургаа болсон. Хятадын эмч нартай цахим хурал хийж, эмчилгээг үргэлжлүүлж байгаа. Тусгаарлах байранд ажиллж байгаа эмч нар мөн 14 хоног тусгаарлагдаж байгаа” гэлээ.