-30 жил төрийн эрх барилцсан, хүний эрх чөлөөг дээдэлдэг нам үнэт зүйлээ гээснийг харах гунигтай байлаа-
Ардчилал хүний эрхийг төгс хөгжүүлсэн хэмээн өөрсдийгөө магтдаг барууны орнууд халдварт өвчний дуулианаар хэн байснаа, ихэмсэг бардам төрхөө ямар баг дор нууж байснаа харуулж байна. “Залуусаа л эдгээж авъя, ахмадуудыг тэр чигээр орхи” гэсэн санал нэг биш улс орнуудаас гарлаа. Нийт хүн амынхаа дунд шууд тарааж, “сүргийн дархлаа” тогтоох замаар хэн дархлаатай нь үлдэх ёстой гэсэн “харгис” санал ч барууны орноос гарч ирэв. Ази хүн бүхнийг “вирус” хэмээн гадуурхаж, гудамжинд барьж аван зодож, зовоож байгаа учраас баруунд байгаа азиуд айсандаа буу хүртэл худалдан авч байгаа тухай мэдээлэл гарч эхэллээ.
Мөн гадны улс орны оюутнуудыг дотуур байрнаас нь хөөж эхэлсэн учраас орох газаргүй болсон залуус дэмий л Элчин сайдын яамныхаа гадна хоног төөрүүлж буй тухай мэдээллүүд ч ар араасаа гарч байгаа.
Манай оюутнуудыг ч хөөсөн гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдсэн. Дэлгүүрийн лангуугаа хоосолж, 00-ын цаасаа булаалцалдан зодолдсон гээд барууны соёл гэгч чухамдаа ямар өчүүхэн зүйл байсныг ганцхан өвчний шуугианаар л дэлхийд харуулах нь тэр.
Гэтэл дэлхий дахинд бохир, заваан хэмээн адлуулж буй Азиуд харин энэ өдрүүдэд хүн ёсоор нэгэндээ тусалж, дэмжиж, хамтдаа даван туулахаар хичээж байх ажээ. Гадуурхагдаж буй Азиудын нэг болох манай улс хоёр том гүрний дунд хавчуулагдсан жижиг улс хэдий ч хүний нутагт өвдсөн, ажлын шугамаар очоод байсан зуу, зуун монголчуудаа эх оронд нь аваад ирлээ. Бүр Монгол Улсынхаа авиа компанийн тусгай үүргийн онгоц нисгэж, хүн нэг бүрийнхээ төлөө сэтгэлээ чилээв.
Халдвар авсан байх эрсдэл байсан ч эх орондоо авчраад эдгээчихнэ хэмээн эрсдэл байсан ч хүнээ л гэсэн сэтгэл гаргав, тэд. Ном ёсоор нь тусгаарлаад, өвчнийг нь эдгээгээд эхэлчихлээ. Бусад улс оронд үлгэр жишээ болохуйцаар өвчнөөс урьдчилан сэргийлсний үр дүнд гурван сарын хугацаанд ямартай ч дотооддоо задгай алдсангүй.
Зарим улс иргэдээ ад үзэж, эмнэлгийг нь шатааж, чулуугаар шидэж байхад бид харин эх орны дуугаа тавьж, элгэн түмэндээ тавтай морил гэсэн бичигтэй угтлаа. “Хүн ядрахаараа ургаа, тураг ядрахаараа уулаа” гэдэгчлэн эх нутгаасаа хол явахыг илүүд үзсэн ч өвдөх цагтаа эх орноо тэмцэхээс өөр яах ч юм билээ.
Үнсээд угтах ижий аав, үр хүүхэд, хань ижил, хамаатан саднаа бараадах нь хүн ёсны үйлдэл. Гэтэл ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай ярьдаг, Монголд ардчиллыг авчирсан хэмээн өмчилдөг Ардчилсан намын удирдлагууд өчигдөр хүний санаанд ч багтамгүй мэдэгдэл хийхийг бид бас харлаа, үзлээ. Тодруулбал, АН-ын дарга С.Эрдэнэ “Гадаадад байгаа иргэдээ оруулж ирэх нь зүй ёсны асуудал мэт боловч гурван сая иргэндээ өвчин импортолж байна. Гурван сая иргэний амь насыг эрсдэлд орууллаа. Гадаадаас монголчуудыг оруулж ирэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаж байгаа юу.
Иргэний эрүүл мэндээр дэнчин тавьсан попорсон үйл ажиллагаагаа зогсоовол яасан юм бэ. Яагаад үүнийг өөгшүүлээд байна вэ. Хэвлэл мэдээлэл, соошлоор эх оронч сэтгэгдэл явуулж байна. Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг дээдлэх ёсгүй. Эрх мэдэлтнүүдийн ар гэр, ах дүү, амраг саданг аврах нь чухал юм уу гэдэг асуудлыг ярих цаг нь болсон.
Тусгаарлагдсан хүмүүсийн бодит байдал ямар байна вэ” хэмээн ярих нь тэр. Улс төрийн том намын хувьд иргэн бүрийнхээ эрүүл мэнд, амь насны төлөө санаа чилээж хэвлэлийн хурал зарласан биз хэмээн зөвтгөж бодохыг хүсэвч “импортолж оруулж ирлээ” хэмээн хүний нутаг иргэнээ, эх нутгаа тэмцсэн бяцхан үрсээ хаях нь энэ намын баримталдаг ардчилсан хүнлэг, энэрэнгүй нийгэм мөн үү гэж асуумаар санагдлаа.
Уг нь энэ нам үнэт зүйлээ “Хүний эрх, эрх чөлөө” хэмээн тунхагласан байдаг юм билээ. Намын үнэт зүйлийн суурь зарчим гэх бүлэгтээ “Хэт туйлшрал, дайсагнал, ялгаварлал, хуваагдал, нийгмийн дотоод орчныг хязгаарлах, хувь хүний хөгжих боломжид үйлдэл, эс үйлдлээр саад учруулах аливаа төрлийн үйл ажиллагааг таслан зогсоох” гэж тусгасан. Угтаа үзэл баримтлалаа тэр чигээр нь хүний төлөө, хувь хүний эрх чөлөөний төлөө хэмээн тунхагласан улс төрийн хүчин юмсан. Гэвч цаасан дээр бичсэн үзэл баримтлалынхаа эсрэг буюу ялгаварлал, хуваагдалд уриалж, гадаадад байгаа хүмүүсээ битгий ав гэж мэдэгдэл хийнэ чинээ санасангүй явав.
Ардчиллын дуу хоолой хэмээн дэмжиж явсан олон зуун мянган гишүүд, дэмжигчид нь өчигдөр намын даргаасаа ичлээ. Харин ч иргэн нэг бүрийгээ эх оронд нь авчир хэмээн мэдэгдэл хийх болов уу, эх орондоо авчраад, эмчлээд эдгээ хэмээн мэдэгдэл хийх болов уу гэж хүлээсэн хүн олон бий.
Учир нь хэдхэн өдрийн өмнө буюу гадны улс орноос иргэдээ татан авах шийдвэр гараагүй байхад АН-ын хуульч Н.Ариунболд гэгч “Монгол хүн гэртээ ирэх ёстой. Коронагаас айгаад ард түмнээ хөсөр хаясан У.Хүрэлсүхийг огцруул” хэмээн эх адаггүй улстөржсөн удаатай. Түүний групп болгон руу бичсэн пост энд тэндгүй л харагдаж байна. Угтаа том намын хуульчийн үгийг сөрөг хүчний үг хэмээн олон нийт харсансан.
Гэтэл төр нь шийдвэр гаргаад иргэдээ аваад ирэхээр “Өвчин импортолж байна. Авгай, хүүхдийг тэр чигээр нь орхи” гэж мэдэгдэл хийсэн нь шууд болон шууд бус утгаар өвчнөөр улстөржсөн арчаагүй үйлдэл гэж харагдав. Даанч дээ, ардчилал ийм болтлоо нэр хүндээ алдах гэж. Даргын авгай, хүүхэд байлаа гээд өвчин тусаад үх гэж хаяж болно гэсэн үг үү, С.Эрдэнэ дарга аа. Энэ таны тэгтлээ өмчилдөг ардчилал, хүний эрх, эрх чөлөөтэй харшлахгүй гэж үү.
Хэрвээ АН-ынхан төр барьж байсан бол Монгол Улсынхаа иргэн бүхнийг хүний нутагт үх, эсвэл гудамжинд амьдар гэж хаях юм байна. С.Эрдэнэ даргын эхнэр хүүхэд гадаадад явсан бол ирж хэрэггүй, наанаа өвчлөх эсэх чинь надад хамаагүй гэж хаях юм байна.
Мушгин гуйвуулсан үйлдэл огт биш. Таны үг яг л ингэж ойлгогдлоо. Хүний эрхийн төлөө ярьдаг, дуугардаг залуус нь хүртэл үзэл бодол, үнэт зүйлээ зөвхөн өнөөдрийг харсан улс төрийн оноо авах эрх ашгийн төлөө нулимж чадах юм байна гэж дүгнэлээ. Харамсалтай байна.
Хайран ч нам, хайран ч ардчилал. Сонгууль хаяанд ирсэн хэдий ч улстөржихгүй сэдэв гэж байх ёстой гэдгийг 30 жил төрийн эрх барилцсан, хүний эрх чөлөөг дээдэлдэг нам гээснийг харах гунигтай байлаа. Үхэл, өвчин хоёроор хэзээ ч улстөржиж болохгүй гэдгийг АН-ын олон залуус мартах хүртлээ эрх мэдэлд улайрчээ. Яг л барууны ихэмсэг орнууд шиг ардчилал гэх баг дор ямар төрх нууж байснаа ийм хурдан илчлэх юм гэж хэн саналаа.
АН-ын гишүүн, Эрүүл мэндийн дэд сайд байсан гэх Ж.Амарсанаа гэгч өдөр бүхэн коронагаар нэр хүндээ өсгөх шоу хийж байна. Нэгхэн ам.доллароор авч байгаа оношлуурыг хүртэл 100 мянгаар авч байна хэмээн улстөржүүлсэн.
Халдварт өвчин судлалын төвд өвчтэй хүмүүс ирчихээд байхад Ухань явна хэмээн дөвчигнөж байсан тэр нөхөр усанд хаясан чулуу мэт алга болов. Дэлхий даяараа коронавирусийн шинэ төрөл илэрлээ гэдгийг зарлачихаад байхад “Манай Эрүүл мэндийн яам ямар корона вэ гэдгээ ялгахгүй байгаа” хэмээн доромжиллоо. Ажиллаж байсан салбарынхаа олон зуун эрдэмтэн, судлаачдыг нэр хүнд олох гэсэн өчүүхэн жижиг эрх ашгаараа дэвсэлж чадлаа, тэр залуу.
Мөн л АН-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг гэгч эмэгтэй саяхан “Коронавирусийг эх орондоо оруулж ирсэн Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн сайд огцор” хэмээн “тэнэглэж” билээ. Агаар дуслын замаар халддаг вирусийг албаар оруулж ирсэн аятай, өвчин тахлаар улс төр хийх мунхаг сэтгэл зөвхөн АН-ын залуусаас гарч байгааг та харсан байх.
Дүгнэлт хийх цаг болоогүй гэж үү, АН-ынхаан. Юманд бас хэмжээ, хязгаар байх ёстой юм. Эгэл иргэд нь пост бичсэнийхээ төлөө өдөр шөнөгүй дуудагдаж, цагдаа, тагнуулд шалгуулж, Зөрчлийн хуулиар торгуулж байна.
Тэгвэл өвчнөөр улстөржиж, энэ мэтээр дэмий балай юм бичиж байгаа эрх мэдэлтэй, намаар халхалсан хүмүүст хэн хэзээ хариуцлага тооцох юм бэ. Ерөнхий сайд саяхан “Өвчнөөр улстөржсөн хүн бүхэнд хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн байна билээ. Тэгвэл тэр хариуцлагаа эдгээр хийрхсэн, хийх ажилгүй пост бичсэн залууст тооцмоор байх юм.
Энд хэн нэгнийг өмөөрсөн, эсвэл С.Эрдэнэ даргын хэлсэн шиг Ардын намд худалдагдчихсан учраас өмөөрч бичсэн зүйл огтхон ч биш юм шүү. Гагцхүү дэлхий нийтээр сандарч буй цар тахлаар улстөржих бус харин ч зэрэгцэж зогсоод тэмцсэн бол ардчиллын төлөө алгаа таших хүн олон мянга бий. Хятадын ард түмэн сандарч байхад Ардчилсан нам хамгийн түрүүнд 10 сая төгрөг хандивлахаар бариад зогсож байсан нь саяхны үйл явдал юм шүү.
“Саахалт хүний санаа нэг” хэмээн талархах хүн хэчнээн олон байсан гэж санана. “Улс орны эдийн засаг хэцүүдлээ. 18 хувийн хүүтэй зээлээ гурван хувь болго” хэмээн хуулийн төсөл өргөн барихад нь алгаа ташсан хүн мөн ч олон байсан даа.
Яг л түүн шиг арав, таван төгрөг намын гишүүдээсээ цуглуулаад Эрүүл мэндийн яам, эс бөгөөс Шадар сайдад гардуулж өгөөд “Энэ өвчнийг нам гэж улстөржихгүйгээр хамтдаа даваад гаръя. Бидний туслах зүйл юу байна” хэмээн зэрэгцээд зогсож байсан бол цөөхөн хэдэн монголчуудын магнай тэнийх байв.
Эх орны ая байтугай дэвсэж байгаад эв нэгдлийн тухай, эрх ашгаараа талцдаггүй, улс төрийн тухай бичих байлаа. С.Эрдэнэ даргын өөрийнх нь хэлдэг энэ улсын хөгжлийн төлөө намаараа талцах ёсгүй гэдгийг жинхэнэ утгаараа харуулах байлаа. Рейтинг нь ч тэр хэрээр өсөх байсан юм. Даанч корона нэр хүндийг чинь өсгөх болно шүү гэж ямар чөтгөр нь түүнд шивнэснийг бурхан л мэдэх байх.