ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.Коронавирусийн халдвараар Итал улсын дараа Герман улс орж, 24 цагийн дотор 4528 хүн халдварлажээ. Мөн Испанид 3494 бол Францад 1614, Швейцарьт 1390 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан дэлхий дахинаа 124 оронд боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод байгаа аж.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглалтад байна. Энэ сарын 16нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлээр ирсэн иргэдийн давтан шинжилгээний хариу гарсан. Үүгээр шинээр дөрвөн тохиолдол илэрч, Нийт халдварын тохиолдол 10 боллоо. Халдвартай нь тогтоогдсон иргэдийн хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй. Мөн Хэнтий аймагт тусгаарлагдаж байгаа нэг иргэнээс халдвар илрээгүй” гэв.