ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дархан-Улаанбаатарын замыг цахимаар тавья

А.ОДСҮРЭН
2020-03-24

-Зам, тээврийн сайд Б.Энх-Амгаланг хэр сайн менежер вэ гэдгийг одоо л харцгаая-

Дархан-Улаанбаатарын замыг там болсон гэдгийг саяхан өөрийн биеэр явж үзээд үнэмшлээ. Хэлэх үг алга. Замаар зорчиж буй жолооч бүү хэл, машинд сууж яваа зорчигч ч хараал урсгах нь аргагүй юм байна. Энэ замын одоогийн нөхцөл байдалд Зам, тээврийн сайд хамгийн гол буруутан нь болох биз. Буруутах шалтгааныг жолооч нараас биш сайд өөрөөсөө асуух байх. Түүх ингэж эхэлсэн. 

“Хятадууд сайн, монголчууд муу”

Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэр гаргасан. Төлөвлөгөө ёсоор бол зам засвар шинэчлэлтийн ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусах байсан ч өнөөдөр 2020 оны дөрөвдүгээр сар гарах гэж байна. Төлөвлөсөн хугацаанаас хагас жил өнгөрсөн гэсэн үг. Ажил яагаад эхлээгүй, удааширсан шалтгаан маш энгийн.

Зам, тээврийн яам өмнө нь аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг шуурхай хийсэн. Зөвхөн зохион байгуулалтын болон менежментийн арга барилаас л шалтгаалсан хэрэг. Маргах аргагүй үнэн бол энэ. Гэтэл Дархан-Улаанбаатарын замын засвар шинэчлэлтийн ажил хуучин замаасаа долоон дор болчихоод хэзээ шинэ замтай болох, ажил нь хэзээ эхлэх нь ч тодорхойгүй зунтай золгох нь ээ. Дархан-Улаанбаатарын 204 км зам Азийн хөгжлийн банкны 84 сая ам.долларын санхүүжилтээр баригдах бөгөөд замын энэ төслийн шалгаруулалтыг зээл олгогч тал буюу Азийн хөгжлийн банк шийдэх ёстой гээд хаячихсанаас бүх юм эхэлжээ.

Азийн хөгжлийн банк төслийн шалгаруулалтаа ч бүрэн нэг тийш болгож амжаагүй байхад хуучин асфальтыг нь хуулаад зам ч биш, жим ч биш болгочихсон. Дээрх 204 км замыг дөрвөн компаниар засуулж, шинэчлүүлэхээр дөрвөн компанид эрх олгосон нь дөрвүүл Хятадын хөрөнгө оруулалттай компани. Азийн хөгжлийн банк буюу мөнгөний эзний тавих босго өндөр учраас үндэсний компаниуд олон улсын чанартай авто зам барилгын тендерт оролцож ялах ямар ч боломжгүй болсон юм. Хятадын компаниуд Монголын авто замын тендерт ялаад гүйцэтгэгчээр нь шалгараад байдгийн гол шалтгаан нь хөрөнгө мөнгөтэй холбоотой. 

Тэрнээс биш Монголын авто замчид, монгол инженерүүд, монгол замчид муудаа, чадваргүйдээ биш юм. Нарны зам, Сонсголонгийн зам, Баруун-Уртын зам, Замын-Үүд-Сайншандын зам, Хөшгийн хөндийн нисэх буудлын хурдны замыг харъя л даа. Чанартай, сайн замууд болсон.

Энэ замуудыг монгол хүн, монгол замчид барьсан. Хятадууд сайн зам барьдаг, монголчууд муу зам хийдэг гэдэг нь харьцангуй ойлголт. Улаанбаатар-Дундговь-Өмнөговийн хатуу хучилттай авто замд 163 км авто замыг Хятадын компани барьсан, хятадууд хийсэн. Өнөөдөр Дундговиос Улаанбаатар руу гардаг нэлээд хэдэн км, Дундговийн Луусаас Хулд сум хүртэлх 30 км зам ямар болсныг л яваад үзчих. Хоёр гурван жилийн өмнөөс жолооч нарын хараалыг идэж байна. Хятад компани гүйцэтгэгчээр шалгарлаа ч туслан гүйцэтгэгчид нь бүгд Монголын авто замын компаниуд. Нэг гүйцэтгэгч 2-3 туслан гүйцэтгэгч компаниар ажлаа гүйцэтгүүлнэ гэж бодвол Дархан-Улаанбаатарын замыг хятадууд биш монголчууд барина гэсэн үг. Харин гүйцэтгэгч, зөвлөх компаниуд нь хяналтаа тавиад явна.  

Монголд олон жилийн туршлагатай, сайн боловсон хүчинтэй, техник тоног төхөөрөмжтэй туслан гүйцэтгэгч компани олон бий.  Сэтгэлтэй зүтгэлтэй инженер, замчин хэдэн мянгаараа байгаа. Монголд авто замын 400-500 компани, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Барьдаг нь, засдаг, зурдаг, гүүр далан босгодог гээд бүхий л төрлийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд байгаа. Тэдний хийсэн ажлыг шалгадаг, хянадаг монгол нь ч байна. Монгол л бол муу, гадаад л бол сайн гэдэг үзлээсээ салахгүй байгаагийн шалтгаан бол тусдаа асуудал билээ. Нэг үгээр хэлбэл, сайд дарга нар болон улстөрчдийн ашиг хонжоо, ашиг сонирхлоос үүдэлтэй юм.

Хуулахгүйгээр засч шинэчлэх боломжгүй байсан уу

Дархан-Улаанбаатарын хоорондох 204 км авто зам тэр чигээрээ муудчихсан байсан уу, гэвэл үгүй. Засвар шинэчлэлтийг хийж л байсан. Шинээр 5-10 км-ээр нь тавьсан замууд ч бий. Харин хийж чадахгүй байж хуулаад хаячихдаг нь тэнэг хэрэг болжээ. Анх Дархан-Улаанбаатарын замын засвар шинэчлэлтийн ажил яригдаж байхад гурав, дөрвөн төрлөөр засаж шинэчилж болох хувилбаруудыг ярьж байгаа. Зарим хэсгийг нь бүрэн шинэчилье, зарим хэсгийн гадаргуугын боловсруулалт хийе, зарим далан гүүрийг шинэчилье, хучилт сайтай хуучин замын хэсгүүд дээр нэмж хучилт хийе гэх мэт.

Гэтэл энэ удаагийн салбарын яамны удирдлагуудын толгойд бүгдийг нь хуулж хаяад бүрэн шинэчилье гэдэг санаа гэнэт төрж, замыг нь там болгож хаяад хагас жилийн нүүрийг үзлээ.  Харин замын засвар шинэчлэлтийг хийж эхэлнэ гэх төлөвлөгөө дөрвөн сайдын гар дамжлаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол баяр ёслолын үеэр энэ тоо хэд дахин нэмэгддэг. Оргил ачааллын үед өдөртөө 15 мянга орчим тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг.

Зам засварын ажил, замыг  засах биш эвдлээд хаячихсантай холбоотойгоор төдий тооны эд хөрөнгө эвдэрч, хувь хүн, аж ахуйн нэгжид тодорхой хэмжээний хохирол учирсаар байна.  Хохирогчид эхнээсээ нэгдэж нийлээд Зам, тээврийн яамаар хохирлоо төлүүлэхээр акци өрнүүлж байгаа. Буруутгах аргагүй.

Жолооч нар хуучин замыг хуулах биш хэсэгчлэн хааж, нээж замыг засч шинэчлэх ажлаа явуулсангүй гэж бухимдаж байна. Тэдний зөв. Мэргэжилтнүүд ч Улаанбаатар-Дарханы замын ажлыг эхлэхдээ сайн муу гэлгүй хуулж, шороо овоолж, олон салаа зам үүсгэсэн нь энэ удаагийн Зам, тээврийн яамны алдаа гэж дүгнэжээ. Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон босоо тэнхлэгийн зам, Ази-Европыг холбосон олон улсын чанартай авто зам, Орос, Монгол, Хятад улсын эдийн засгийн коридор, ачаа тээврийн гол эргэлтийн зам болдог Дархан-Улаанбаатарын замын өнөөгийн дүр зургийг харвал энэ ондоо шинэ замтай болох шинж алга.

Зам тээврийн яам Азийн хөгжлийн банктай “заргалдаж” хоёр багцын гүйцэтгэгчийг солиулах санал тавихаар яригдаж буй. Хэзээ ч билээ. Санал тавина, хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй. Санхүүжүүлэгч биш зээлдэгчийн хувьд Азийн хөгжлийн банктай хатуухан яриа хэлэлцээр хийж, асуудлыг эцэслэн шийдэхгүй бол замын ажил эхэлнэ гэхэд итгэхэд хэцүү. Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, инженер зөвлөхүүд замын ажлыг гэрээний хугацаанд дуусгахад хяналт тавьж ажиллах үүрэг хүлээлээ.

Харин Зам, тээврийн сайд Б.Энх-Амгалан гүйцэтгэгч компаниудаа шахсан болж, Хятадаас ажиллах хүчинг оруулж ирнэ гэж үзээд барсангүй. Тэгэхээр одоо Азийн хөгжлийн банк хэлсэн амандаа хүрч гүйцэтгэгчээр шалгарсан компаниудаа хар жагсаалтдаа оруулах л үлдлээ.  Салбарын яам, сайд нь хэр сайн менежер вэ гэдгийг одоо л харцгаая. 

105 хятад ажилтантай цахимаар ажиллаж болно

Өнөөдрийн хэрүүлийн бай болоод байгаа 105 хятад ажилтны тухайд нэг санал байна. Тэр 105 хятад хүн бол зам тавих, зам дээр шороо ухаад, индүү жолоодоод явах хар ажилчид биш. Дээрх дөрвөн хятад компанийн инженер, удирдах түвшний мэргэжилтнүүд байж таарна. Тэрнээс биш 100 гаруйхан хятад ажилчин орж ирээд Дархан-Улаанбаатарын зам дээр юу юугүй бужигнуулаад унана гэсэн үг биш л болов уу.

Монгол байтугай дэлхий дахинд коронавирусийн халдвар тархаж, улс орнууд хөл хорио тогтоож, чадлынхаа хэрээр болгоомжилж, сэрэмжилж байгаа. Хилээ хаалаа. Харь орноос иргэдээ эх оронд нь авчирч, хэд хоногоор тусгаарлаж, өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийж халдварт тахлаас сэрэмжилж байна.

Яг ийм эгзэгтэй, аюултай үед өвчний голомт Хятад улсаас 100 гаруй хүн битгий хэл, нэг хүн ч орж ирэх вий гэж болгоомжилж байхад Зам, тээврийн сайд Б.Энх-Амгалан “105 хятад ажилтан оруулж ирж Дарханы замаа барья” гэж олны дургүйг хүргэлээ.  Дархан-Улаанбаатарын замыг барих ёстой юу, ёстой юм. Хурдан барих ёстой.

Харин хятад хүмүүсийг оруулж ирэхгүйгээр барих ёстой. Тийм боломж бий гэдгийг замын мэргэжилтнүүд ярьж байна.  Нэгэнт Азийн хөгжлийн банк дөрвөн компаниа шалгаруулчихсан, туслан гүйцэтгэгч монгол компаниуд тодорчихсон, ажил эхлэхэд бэлэн байна. Ганц нэг замын компани карьертаа, кэмптээ цугларч эхэлж байна лээ.  Хятад улсаас ажилчин оруулж ирэхгүйгээр асуудлыг шийдэх гарц юу байна гэж бодоод, шийдэл олчих ухаантан Зам, тээврийн яаманд байхгүй биш байгаа. Харин түүнийг сайд л хэрэгжүүлэх гарцыг олох ёстой юм.

Технологийн дэвшил шийдлийг ашиглаж яагаад болохгүй гэж. Хятадын гүйцэтгэгч компанийнхан Монголын туслан гүйцэтгэгчид, Зам, тээврийн яамныхан, сайд нь, эрх бүхий хүмүүс нь онлайнаар хуралдаж хамтарсан шийдвэрт хүрэх гарц байж болно. Яагаад болохгүй гэж. Туслан гүйцэтгэгч компани бүр явуулын камераар онлайнаар ажлаа хянуулаад, танилцуулаад, ажлын явцаа дүгнүүлээд явж яагаад болохгүй гэж.

Бүх үүрэн холбоодод төр засгаас үүрэг өгч, интернэт сүлжээ, датаг нь шийдэж болж байна. Хятадын компаниуд гүйцэтгэгч нь учраас зам барилгын ажилд оролцох ёстой. Тэд гэрээ контрактаа Зам, тээврийн яаманд төвлөрүүлж, цахимаар хуралдаж, харилцан онлайнаар ажлаа явуулж болж байна. 204-хөн км замын ажлаас болж эрсдэл өндөртэй улсаас 100 гаруй хятад хүнийг оруулж ирнэ гэдэг байж боломгүй.

Бүгдээс нь шинжилгээ авна, 28 хоног тусгаарлаад ч нэмэргүй. Тэр хугацаанд ямар нэгэн эм бэлдмэл хэрэглээд шинжилгээ нь сөрөг гарах халдвар тээгч тэдэн дунд байхыг үгүйсгэхгүй. Нэг үгээр ямар ч халдваргүй, эрүүл хүн хилээр орж ирнэ гэдэгт итгэж болохгүй. Тиймдээ ч Засгийн газар хятад ажилчдыг оруулж ирэхгүйгээр шийдвэр гаргалаа. Бүтээн байгуулалтын ажил явах ёстой. Нэг хоёр сар байтугай нэг, хоёр хоног ч алдахгүй замын ажлаа эхлүүлээсэй. Гэхдээ гарч болзошгүй эрсдлийг тооцож, байж болох хувилбараар ажлаа хурдан эхлүүлэх хэрэгтэй билээ. Дархан-Улаанбаатарын хоорондох 204 км замаас илүү гурван сая хүний амь нас, эрүүл мэнд чухал гэдгийг Засгийн газар мэдэгдчихлээ. Одоо Зам, тээврийн сайд ухаарч, толгойгоо ажиллуулах л хэрэгтэй болно. Одоо ганцхан таниас л шалтгаална, Б.Энх-Амгалан сайд аа.