Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулах ажлын талаар ярилцлаа.
-Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулах ажил хэр урагшилж байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-УИХ-аас Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороог хамтран Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулах үүрэг өгсөн. Энэ дагуу өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа эхлүүлж, гуравдугаар сард тайлан, дүгнэлтээ эхний байдлаар бэлэн болгосон юм. Улмаар эрдэмтэн, судлаачид, санхүүгийн зах зээлийн төлөөллүүдээр хэлэлцүүлж, тэдний санал дүгнэлтийг зохих түвшинд тусгасан. Энэ хөтөлбөр нь зээлийн хүүг нэг, хоёр хоногийн дотор нэг, хоёр хувиар буулгахаас илүү тогтвортой, алгуур бууруулж, тодорхой түвшинд хүргээд, тогтвортой хадгалах орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Тиймээс эдийн засгийн суурь бүтцийн шинэчлэлийг ч давхар хөндөж байгаа. Тиймээс Засгийн газрын бусад яам, агентлагуудын саналыг авч, эцэслэн боловсруулаад Санхүүгийн Тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулна. Энэ улиралд багтаан УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.
-Энэхүү стратеги төлөвлөгөөтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Мөнгө хүүлэлттэй тэмцэх болон Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох тухай” хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн төсөл болон зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги хоёр зорилго ижил гэж ойлгож болох уу?
-УИХ-аар хууль баталснаар зах зээлийн зарчимд үл тохирох, захиргаадалтын шинж чанартай арга хэмжээ авч, зээлийн хүүг урт хугацаанд бууруулах нь зохисгүй гэж Монголбанк үзэж байна. Энэ байр сууриа ч энэхүү хуулийн төсөл боловсруулагчдад хүргүүлсэн. Тухайлбал, зах зээлийн бус зарчмаар буюу хүчээр хүүг буулгах гэж оролдоод бүтэлгүйтсэн тохиолдол гадны улсад цөөнгүй бий. Өөрөөр хэлбэл, 70-90 орныг хамарсан Дэлхийн банкны судалгаагаар энэ төрлийн арга хэмжээ нь дунд болон урт хугацаанд эргээд илүү сөрөг нөлөө үзүүлдэг нь батлагдсан. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл Кени улсыг нэрлэж болно. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан энэ улс зээлийг хүүг хүчээр бууруулахаар оролдсоноор эдийн засгийн өсөлт нь саарч, ажилгүйдэл нэмэгдсэн. Түүнчлэн санхүүгийн зах зээл, макро эдийн засгийн байдлыг авч үзвэл зээлийн өсөлт сул хэвээр байна. Дөнгөж 12 хувьтай. Гэтэл зээлэх боломжтой эх үүсвэрүүд бий. Хэрэв хүүг хүчээр бууруулбал зээлийн өсөлт, хүртээмж буурах эрсдэлтэй. Зээлийн хүүд босго тогтоосноор санхүүжилтийн хэрэгцээ өндөр боловч эрсдэлтэй зарим салбарын зээл авах боломж улам хумигдана.
-Зээлийн хүүг бууруулчихвал бүх зүйл сайхан болж, банк, санхүүгийн салбарт шинэ жишиг бий болно гэж үзээд байгаа шүү дээ?
-Үгүй шүү дээ. Зээлийн эрэлтийг хумихын тулд банкууд шалгуур, нөхцөлөө чангаруулна. Олон улсын туршлагаас харахад орлого багатай иргэд зээл авах боломжоос шахагдах магадлал хамгийн өндөр байдаг. Мөн манай улсад орлогын тэгш бус байдал харьцангуй өндөр шүү дээ. Энэ нь зөвхөн айл өрхүүдэд бус санхүүжилт шаардлагатай аж ахуйн нэгжүүдэд хүртэл хамаатай. Ингээд эхлэхээр эдийн засаг дахь хөрөнгө оруулалт буурна, энэ хэрээр ажлын байр багасч, эдийн засгийн өсөлт саарна. Том дүр зургаар нь авч үзвэл эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй.
-Макро эдийн засагт ингэж нөлөөлөх нь тодорхой болжээ. Харин банкны салбарт ямар үр дагавар гарах вэ?
-Банкууд хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд зохих хэмжээний ашигтай ажиллах ёстой. Ингэснээр өөрийн хөрөнгийн өсөлтөө хангана. Цаашилбал, активынх нь тэнцвэртэй өсөлт хангагдаж, банкны үйл ажиллагаа тогтвортой байна. Гэтэл зээлийн хүүд босго тогтоохоор хадгаламжийн хүүгээ бууруулах хэрэгтэй болно. Хадгаламжийн хүү буураад эхлэхээр иргэд мөнгөө хадгаламжид бус бусад төрлийн хөрөнгө оруулалтад хийж магадгүй. Тухайлбал, гадаад валют, үл хөдлөх хөрөнгийг нэрлэж болно. Гэтэл үүнээс үүдэн ямар ноцтой эрсдэл учирч болдогыг бид харсан шүү дээ. Төгрөгийн өгөөж буураад эхлэхээр иргэд валют руу хошуурч эхэлсэн. Валютын эрэлт нэмэгдэхээр төгрөгийн ханш маш хурдтай сулардаг. Энэ нь эргээд чанаргүй зээлийг нэмэгдүүлдэг. Тиймээс хүүгийн хязгаарыг хатуу тогтоосноор дээр дурдсан сувгуудаар дамжин банкны салбарыг тогтворгүй байдалд хөтөлнө.
-Банк санхүүгийн салбарт тогтворгүй байдал үүсэх үү?
-Том зургаар нь авч үзвэл банкны салбарт тогтворгүй байдал үүсгэнэ. Айл өрхийн түвшинд ажилгүйдлийг нэмэгдүүлж, амжиргааг нь доош татна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бууруулж, бодит өсөлтөд сөрөг нөлөөлнө. Эдгээр эрсдэлийг үндэслэн захиргаадалтын аргаар зээлийн хүүг бууруулах нь зохисгүй гэж Төв банк үзэж байгаа. Харин зах зээлийн зарчимд нийцсэн зээлийн хүүг бууруулах стратегийг тогтвортой бөгөөд тууштай, үе шаттай хэрэгжүүлсэн тохиолдолд дунд хугацаанд буюу таван жилийн хугацаанд таваас доошгүй хувиар бууруулах боломжтой гэж бид үзэж байна.
-Ажлын хэсгийн боловсруулсан дүгнэлтэд мөнгөний бодлогын хүүгийн шилжих нөлөөг сайжруулахаар тусгасан шүү дээ. Мөнгөний бодлогын хүүгийн шинэ аргачлал зээлийн хүүд хэрхэн нөлөөлөх бол. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монголбанк 2007 онд мөнгөний бодлогын хүүг бодлогынхоо хэрэгсэл болгосон. Гэхдээ өнгөрсөн 10 жилийг авч үзвэл мөнгөний бодлогын хүүгийн эдийн засагт үзүүлэх нөлөө харьцангуй сул байлаа. Энэ зөвхөн Төв банкнаас шалтгаалаагүй. Макро эдийн засгийн бүтэц, уул уурхайн хэт хамаарал зэрэг бүтцийн гажуудлаас үүдэлтэй. Тиймээс мөнгөний бодлогын хүүгийн шилжих нөлөөг сайжруулахаар зорьж байна. Ингэснээр бодлогын хүүгийн өөрчлөлт зээл болон хадгаламжийн хүүнд шууд нөлөөлдөг байхаар зорьж байгаа. Олон улсад энэ нөлөө 1:1 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг нэг хувиар өөрчлөхөд, бусад хүү ч төдий хувиар өөрчлөгддөг гэсэн үг. Манай улсын хувьд ойрын хугацаанд энэ харьцааг 1:07 хувь байлгахаар зорьж байна.
-Монгол банк бодлогын хүүгээ бууруулсан. Үүнийг зарим эдийн засагчид үр нөлөөгүй гэж үзээд байна. Энэ үнэн үү?
-Монголбанк энэ сард бодлогын хүүгээ нэг суурь нэгжээр бууруулж, 10 хувьд хүргэсэн. Үүнээс хойшхи өөрчлөлт нь зээл болон хадгаламжийн хүүд илүү хүчтэй нөлөөлнө. Учир нь макро эдийн засгийн орчин тогтворжиж байгаа. Ингэснээр эрэлт талын эрсдэл буурч байгаа гэсэн үг. Нөгөө талд банкуудын эх үүсвэр сайн байгаа. Банкууд одоо 10 хувиар эх үүсвэр татаж байна шүү дээ. Гэтэл бодлогын хүү 10 хувь байгаа энэ үед зээлийн эх үүсвэрээ үнэт цаасанд удаан байлгах нь банкуудын ашигтай ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс зээл гаргах замаар ашигт ажиллагаагаа хэвийн хангахаас өөр аргагүй. Эдийн засгийн эрсдэл буурсан энэ үед Төв банк ийм байдлаар “шахалт” үзүүлж болохоор байгаа юм. Магадгүй зээлийн хүү ес рүү ороод ирвэл банкуудын зээл олгох сонирхол улам нэмэгдэнэ. Ингэснээр зээлийн хүү, шалгуур улам буурна гэсэн үг. Тиймээс бодлогын хүүгийн сүүлийн үеийн болон үүнээс хойшхи бууралт өмнөхөөс илүү хүчтэй нөлөөлнө гэж ойлгож болно.