ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хоёр туйл

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-26


Нэг нь хязгааргүй “поп”-ын туйл, нөгөө нь хэтэрхий туйлбаргүйн туйл болсон хоёр хүн нэг завинд хөтлөлцөн суув. “МАНАН” гэх бүлэглэлийг устгахын төлөөх эв нэгдэл үү, эсвэл маргаашийн жижиг эрх ашгийн төлөөх хамтрал уу гэдгийг дүгнэж хэлэхэд эрт хэдий ч энэ завь хаана хүрч цөмрөх, дээр нь суусан хоёр эрийн зам хаана хүрч салахыг ч бас таах боломж алга. Тэд бол “ШИНЭ” намын дарга Ж.Батзандан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар юм. 2008 оны сонгуульд ялагдсан уураа гаргахаар жагсаал зохион байгуулсан хар өдөр буюу долдугаар сарын 1-ний үймээн самууны үед тэр хоёрын зам нэг удаа нийлсэн түүхтэй. 

Таван залуу амиа алдсан тэрхүү үймээний үеэр О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нар хэтэрхий тод дүр байсныг ч түмэн олон мартаагүй байна. Энэ цагаас хойш хэсэг хугацаанд зам салсан ч эргээд нийлэхдээ эвсэл байгуулж, “МАНАН”-тай тэмцэхээр нэгджээ. Харин энэ эвсэл, энэхүү эв нэгдэл нь хар түүхийг эргэж битгий давтаасай гэж залбирах нь зүйн хэрэг биз. Жагаа, Зандан хоёр ирэх өдрүүдэд илүү олон үзэгчтэйгээр энтертайнментаар боловсрол олгох нь тодорхой болжээ. “Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй” гэгчээр Зандан, Жагаа хоёр нийлэхээр л айдас төрдөг болсон нь худлаа биш. Илүү олныг нуршихгүйгээр тэд хувь хүний хувьд хэн болох, ямар улс төрийн замнал туулж энэ хүртэл явсныг уншигч танд хүргэе. 

Нийт гишүүд нь ил харагдаггүй ч нэг дарга нь хэтэрхий тод дүр байсаар ирсэн БНН болон “Буян”-гийн Жагааг мэдэхгүй хүн Монголд байхгүй. Тэр эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн тулд хэнтэй ч эвсэж чадна. Гэвч эрх ашгийг нь хөндөөд эхэлвэл хэний ч өмнөөс “салаавч” өгчихөөд гараад явж чадах туйлбаргүй нэгэн. “Би чиний ажилтан юм уу” хэмээн сэтгүүлч залууд ухамсрын шанаа өгч байсан шигээ Ж.Батзандан мэтийн “нялх” улстөрчид ч ухамсрын шанаа өгчихөөд, “би чиний ажилтан биш” гэх алдарт үгээ хэлээд зогсож байвал гайхах зүйл байхгүй. Учир нь жингийн туухай дээр тавиад үзвэл Ж.Батзандангийн туулсан улс төрийн зам богино өгүүллэг төдий байхад Жагаагийн туулсан улс төрийн зам нь бүтэн романы хэмжээнд хүрсэн учраас тэр л дээ. 30 жилийн өмнө тэр ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд зүтгэж явсан удаатай. Ц.Элбэгдорж, Баабар буюу Ш.Батбаяр нар хэн ч биш “нусгай” нар байхад бизнесээс олсон мөнгөөрөө машин авч өгч, өөрийнхөө машинд суулган үйлчилж байсан талаар нэгэн ярилцлагад дурссан удаатай. Бизнес, улс төрийн алинд нь ч аз од нь гийж явсан үе түүнд бий. Гэвч замын дундаас ардчиллыг орхиж, “Баяжигтун” гэсэн уриатай “Монголын хөрөнгөтний нам”-ыг үүсгэн байгуулж байжээ. Хожмоо намынхаа нэрийг БНН болгон өөрчилсөн түүхтэй. Улс төрийн намуудын жагсаалтын есдүгээрт эрэмбэлэгддэг тус намыг 1992 оны дөрөвдүгээр сарын 07-нд анхлан байгуулж байсан талаар мэдээлэл олдов. 2002 онд ИЗНН-тай нэгдсэн ч 2004 онд өрх тусгаарлаж, дахин Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан бөгөөд 2006 онд албан ёсоор нэрээ сэргээж авчээ. Нийт 50 мянган гишүүний дарга хэмээн ярьдаг ч төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд намын даргаас нь өөр тод дүр, тод улстөрч энэ намаас төрж гараагүй юм. Тиймдээ ч сайн, муугийн жишээ болон яригдаж, нэг хүнтэй нам гэх муу муухай хочийг ч өрсөлдөгч намуудаасаа авч байлаа. Тэр хэтэрхий шударга яриа, хэнээс ч айдаггүй ёдор зангаараа заримдаа адлуулж, зарим үедээ магтуулна. УИХ-д өрсөлдөх бүрт нь санал өгдөггүй, сонгодоггүй ч Монголын ард түмэн түүнд хайртай байдаг билээ. Уулзалтад ирсэн сонгогчдоо ажилгүй, анхиагүй хэмээн загнаж, эсэргүүцсэн нэгнийг нь хамгаалагч нараараа баривчлуулж байсан гээд хөгтэй, хөгжилтэй зүйл олон сонсогддог байв. Жагаа ингэж хэлж гэнэ, тэгж ярьсан гэнэ, тэрнийг загнасан байна хэмээн олон нийт шоглох, шүүмжлэхийн дундуур ярьцгаана. Малчдыг “Ланд унасан баячууд” хэмээн шүүмжилснийхээ төлөө ч баалуулж явлаа. Улс төрийн намуудыг улайтал нь шүүмжилдэг ч хэрэгтэй үед нь очоод л эвсэл байгуулж, эс бөгөөс дэмжээд явж байх нь энүүхэнд. Угтаа улстөрчийн хувьд тэр улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж үгүй, мөнхийн эрх ашиг л гэж байдаг гэдгийг төгс утгаар нь харуулж яваа. Муулж байсан намтайгаа гар бариад зогсож чадах эр зориг Б.Жаргалсайханаас л гардаг. Нэгэн цагт намынх нь байрыг галдаж явсан намтайгаа ч нэг эрх ашгийн төлөө хөтөлцөж чадах билээ. Б.Жаргалсайхан 2004 онд ИЗНН-аас туурга тусгаарласны дараа УИХ-д нэг удаа сонгогдсон. Аз од нь гийсэн тэртээх он жилүүддээ Үйлдвэр худалдааны сайдын ажлыг ч хийгээд амжсан юм. Гэвч ажлын тайлан нэрээр баахан цаас үйлдвэрлүүлдэг, ажилтнуудынхаа үйл тамыг үздэг хэмээн адлуулж байв. Сайдын ажил эрхэлж байхдаа Тавантолгойн нүүрсний ордоос 110 га газрын лицензийг “Дайцүкү” ХХК-д олгосон гэх яриа ч гарч байсан юм. Мөн өөрийн ах дүүтэйгээ хамтран 1987 онд байгуулсан “Буян” компанидаа тоног төхөөрөмж авахаар 14 сая ам.доллар зээлсэн нь “Марубени”-гийн хэрэг болтлоо даамжирч, Засгийн газар ч давхар шүүхэд дуудагдаж байсан гээд улс төрд сайн, муугаар дуудуулж, бичүүлж явсан түүхтэй. Өөрөөс нь ярилцлага авсан манай сонины сэтгүүлчийг ч айлгаж, хэвлэлтэд гарах гэж байсан сониныг хэвлүүлэхгүй хэмээн сүрдүүлж байсан түүх нь ч саяхных билээ. Долдугаар сарын 1-ний хэргээр “Ганц худаг” руу ачигдаж үзсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл өрсөлдөж байсан гээд Монголын улс төрд өөрийн өнгө төрхөө тун өвөрмөцөөр бичиж яваа энэ эрхэм зодог тайлах болоогүй гэдгээ харуулж, илүү олон намуудтай хөтлөлцөн рингэн дээр дахин гарч ирэв. Энэ удаа түүнд аз дайрч олон жил “мөрөөдсөн” УИХ-ын гишүүний суудалдаа суух эсэхийг дүгнэж бичих эрт хэдий ч ялчихвал сагаж гүйхгүй, ялагдвал бужигнуулж давхихгүй бууж өгөөрэй гэж хүсье. 

“Буян”-гийн Жагаа ардчилсан хувьсгал хийлцэж, хувьсгалын толгойд явсан хүмүүст машин авч өгөөд явж байхад Ж.Батзандан харин Сүхбаатар аймгийн 10 жилийн сургуулийг төгсөж байлаа. “Баяжигтун” гэх өвөрмөц уриатай “Монголын хөрөнгөтний нам” байгуулж явахад нь тэр харин Их сургуулийн ширээнд лекц сонсоод “нойрмоглож” суусан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, Үйлдвэр худалдааны сайд хийгээд бужигнуулж явахад нь Ж.Батзандан харин Их сургуулийн оюутнуудад хичээл заагаад явж байлаа. Харин 2006 оноос эхлэн тэр улс төрд орох санаархлаа эхлүүлж, гудамжинд анх гарч ирсэн түүхтэй. Улс төрд туулсан зам нь маш богино буюу 14-хөн жил хэдий ч хамтрагчийнхаа хажууд бол амжилтын замаар дэндүү хурдан урагшилсан юм. 2006 онд Иргэний хөдөлгөөний нам байгуулж, гудамжнаас тэмцлээ эхлүүлсэн. 2008 онд Б.Жаргалсайхан, О.Магнай нарын хамт жагсаал хийж, үймээн самууныг эхлүүлж явлаа. Уйгагүй тэмцэл, хэзээ ч цуцдаггүй хоолой, хэнийг ч уярааж чадах “поп” үгнийхээ ид шидээр зургаан жилийн дараа буюу 2012 онд УИХ-ын гишүүн болж байжээ. Өдгөө УИХ-д хоёронтоо сонгогдож, 11 намыг нэгтгэсэн эвслийг удирдахаар “аз” атгав. Арван жилийн сургуулиа төгсөхөөр элсэлтийн шалгалтдаа бэлтгэж суухад нь ардчилсан хувьсгалыг хийлцэж явсан хүнийгээ удирдах, чиглүүлэх, бүр сонгуульд дагуулж орно гэдэг түүний хувьд төсөөлж ч яваагүй амжилт биз. Ж.Батзанданг хүмүүс олны нүдэнд хэтэрхий ил улстөрч хэмээн дүгнэдэг байсан. 2008 оны үймээний дараа хууль, шүүхэд дуудагдан сандарч явахдаа түшиж очсон АН-аасаа урвахад нь ч түүнийг шударга улстөрч хэмээн үнэлсээр байсан юм. Ардчилсан намын даргын сунгаад өрсөлдөж, хамтран зүтгэгчдийнхээ араас “хутга” зоож явахад нь ч ард түмэн хайрласаар байлаа. Төрийн түшээ болох замыг нь заасан намаа байнга муулж, хөөгдөхөд нь ч түүнд хир халдаахыг хүсээгүй. Гэвч “шударга” гэсэн хуурамч баг дороо ямар төрх нууж явснаа энэ өдрүүдэд харин илүү тод харуулсаар байх ажээ. Ах дүү амраг саднаа албан тушаалд “чимээгүй” томилж чадахаа тэр харуулав. Ах дүү, шиг найзалж явсан нэгнээ танихгүй гэж хэлж чаддаг увайгүй занг нь бас харав. Ард түмний төлөө бус гагцхүү нэр хүндээ өсгөх, ахиад хэдэн жил улс төрд шургалахын тулд өдөр бүхэн үнэгүй энтертайнмент тоглолт хийж байснаа ил тод зарлав, тэр. Хятадын бизнес эрхлэгчидтэй өвөр түрийндээ орж найзалж явсан төрхөө ч мөн харуулсан юм. Эгэл иргэний эрх ашгийн төлөө биш төрсөн биеэ л түмэнд сурталчлах, түүгээр дамжуулж эрх мэдэлд хүрэхийн тулд жагсдаг тэмцдэг, “поп” улс төрийн тоглолт хийдэг гэдгээ харууллаа. С.Зориг агсны үхлээр хүртэл улс төр хийж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараар нэр хүндээ хэсэг өсгөлөө. Гэвч өнөөдөр тэдгээр залуус торны цаана суусан хэвээр. Ж.Батзандан харин намын дарга болж, бүр 11 намыг удирдаж сонгуульдаа орохоор бэлтгэж байх аж. Хөхөө өвлийн хүйтнээр хэдэн зуун ахмадуудыг гудамжинд цуглуулж улс төрийн тоглолт хийсэн нь бас л саяхны үйл явдал. Харин үр дүн гараагүй юм. Зээлгүй ахмадууд жагсаалд ирсэн ч амжилт олж чадахгүй үлдсэн бол Ж.Батзандан харин “ШИНЭ” намаа улам бүр таниулж чадлаа. УИХ-ын даргаас нь М.Энхболдыг л унагаачихвал цэнгэлийн манлайд хүрнэ хэмээн улайрч явсан эрх ашгийн цаана шинэ намдаа санхүүжилт босгох эрх ашиг нуугдаж байсныг нь мөн л хожуухан мэдэж билээ, бид. Хэнийг ч худал үгээрээ уярааж чадах, хэнтэй ч эрх мэдэл, эрх ашгийн төлөө наалдаж чадах ийм нэгэн хүн улс төрийн намуудын шүдний өвчин байсан, цаашдаа ч байх нь тодорхой. Тэр тусмаа АН-ын хувьд тэр “толгойн өвчин” болчихоод байна. Намаас нь чамгүй олон гишүүнийг өөртөө элсүүлж, урвуулж чадсан учраас ирэх сонгуулиар  ялалт авахын тулд биш зөвхөн санал хуваах зорилго л агуулж буй нь худлаа биш. “МАНАН” хэмээн хамгийн тод дуугардаг ч өөрөө түүнийхээ нэгэн эд эс болж, өнөөдөр ч чимээгүйхэн үйлчилсээр байгааг нь бид харахгүй ч тэр өөрөө хамгийн сайн мэднэ. Маргааш дахиад ялчихсан тохиолдолд өнөөдөр гар барьсан 11 дарга, тэр намын гишүүд хэрхэх нь ч түүнд хамаагүй. Найз нөхрөө хүртэл “таньдаггүй, уулзаж байгаагүй” гэж нүдээ ч цавчихгүй хэлж чадаж байгаа түүнээс 11 нам, 109 ТББ юу горьдож, юу хүлээж буйг бурхан ч тааж чадахгүй билээ. Ийм л хүмүүс “МАНАН” дэглэмийг нураана, Монголд шударга ёсыг тогтооно, 30 гэр бүлийг “дээрэмдэнэ” гэж ярихаар гуравдагч хүчний орон зай улс төрд битгий орж ирээсэй гэж залбирах шаардлага үүсэх юм. Энэ хоёр хүн эх орныг минь хөгжүүлнэ гэдэгт итгэхгүй байгаа учраас л тэдний суусан завь хэдэн хоног, эсвэл хэдэн сарын дараа цөмрөх бол гэж асуугаад байгаа хэрэг. Тэдний ялалт, эсвэл тэр хоёрын ялагдал тэртээх хар өдрийг дахин битгий дуудаасай гэж залбираад байгаа юм. Монголын улс төрд “хадах” байтугай бүрмөсөн холдуулах ёстой хүмүүс шударга ёсны тухай яриад байгаа учраас Монголынхоо ирээдүйд улам бүр итгэл алдарсаар байгаа хэрэг. Жагаа, Зандан нийлэхээрээ л заавал нэг хэрэг өдөөдөг гэдгийг цаг ямагт санаж байя, хэдүүлээ.