Дэлхийн 200 улс оронд бүртгэгдэж, 20 мянган хүний амийг авч одсон цар тахлаас Монгол Улс чадлынхаа хэрээр хамгаалж байна. Эх нутгаа тэмцсэн монголчуудаа хүний нутгаас авах үеэр зөөвөрлөгдөн орж ирсэн 10 тохиолдлыг эс тооцвол хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж өвчнийг дотооддоо алдсангүй, хянасан хэвээр байна. Өвчин анхлан гарч эхлэхээс л Эрүүл мэндийн яам маш шуурхай арга хэмжээ авч, сургууль цэцэрлэгийг хааж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, амны хаалт зүүх, ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг уриалснаар Монгол Улсад дөрвөн сарын гаруйн хугацаанд нэг ч халдварын тохиолдол илрэхгүй тэсэж чадсан юм. Бусад улс орнууд шиг “наанаа өөрсдийгөө хамгаалаад үлд” хэмээн иргэддээ хатуурхсан бол тусгаарлалт хийхэд төсөв зарцуулахгүй, 11 зөөвөрлөгдсөн өвчтөнг эмчлэх гэж суухгүй л байлаа. Гэлээ гэхдээ эх орноо, элгэн саднаа тэмцсэн нутаг нэгтнүүдээ авчрахаас өөр сонголт бидэнд алга байсан юм. Өвчин анх гарснаас эхлээд л монголчуудын амь нас, эрүүл мэндийн төлөө эмнэлэг, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын албан хаагчид өдөр шөнөгүй ажиллаж, хүн нэг бүрийг шалгаж, хянаж байгаа. Мөн Улсын онцгой комисс ч чадлынхаа хэрээр мэдээллээр иргэдээ хангаж, загнахдаа загнаж, аргадан гуйж аюулт өвчинтэй тэмцсээр. Гэтэл улс орон даяар аж ахуйн нэгжүүд хаалгаа барьснаас үүдэн хямрал нүүрлэх эрсдэл тулгарч, ганц дотооддоо ч бус гаднаас хэт хамааралтай эдийн засагт бодит эрсдэл тулгарчихаад байхад УИХ-ын гишүүд харин сураг алдрав.
Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газрын зарим сайд нар ч энэ өдрүүдэд дэндүү хариуцлагагүй, хайхрамжгүй, эрхэлсэн ажилдаа сэтгэлгүй хандаж байгаа нь худлаа биш. 200 улс оронд гэрлийн хурдаар тархаж, хоногт 1000 орчим хүний амийг авч байгаа энэ өвчин урд хөршид анхлан бүртгэгдэхэд л ХӨСҮТ-ийн эмч нар Эрүүл мэндийн яаманд, салбарын сайддаа танилцуулсан гэдэг. Тэр даруйд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Засгийн газрын хуралдаанд нөхцөл байдлыг танилцуулахад “Хэтэрхий сүржигнэлээ. Хятадын нэгхэн мужид гарсан өвчин манайд орж ирнэ гэдгийг хэн хэлж мэдэх юм” гэсэн өнгөцхөн бодолтой сайд нар, хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийг хаах шийдвэрийг эсэргүүцэж байсан тухай яриа ч Төрийн ордонд гараад өнгөрч билээ. Юутай ч Засгийн газрын ганцхан эмэгтэй сайд энэ өдрүүдэд зөв арга хэмжээ, зөв менежмент, зөв бодлого гаргасны үр дүнд бид энэ хэмжээнд иргэдээ хамгаалж, дэлхийн бусад улс орнуудад сайны жишээ болон яригдаж байна. Хамгийн түрүүнд л эрсдэлтэй нүүр тулна, хэдэн арван мянган иргэнээ алдах “маш өндөр” эрсдэлтэй, эрүүл мэндийн тогтолцоо нь сул хөгжсөн гэж дүгнэж байсан Монгол Улс нь сайны жишээ болон яригдахад сайд, гишүүдээс илүүтэй төрийн жинхэнэ албан хаагчид, та бидний төлөө ажиллаж байгаа тангараг өргөсөн ажилтнууд л томоохон үүрэг гүйцэтгэв. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зэрэг ажлаа нэртэй, төртэйгөөр хийж буй чадварлаг сайд нарын гавьяа ч энд бий.
Харин улс оронд нь өндөржүүлсэн бэлэн байдал тогтчихсон, өвчлөл тархах эрсдлийг “маш өндөр” хэмээн тодорхойлчихоод байхад эрхэлсэн ажил, хариуцсан салбартаа ч ахиц дэвшил гаргаж чадаагүй “унтаж” буй сайд нарыг зориуд нэр цохон бичихийг хүслээ. Нэгдүгээрт, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Энэ хүний хариуцсан яам нь эдийн засгийн нөхцөл байдлыг хянах, төсвөө алдагдалгүй байлгах, аж ахуйн нэгжүүдийг дампуурахаас сэргийлэх үүрэгтэй юм. Гэвч өвчин гарсан гурван сар гаруйн хугацаанд улсын төсөв 170 тэрбумаар тасарч, нүүрсний тээвэрлэлт зогсож, дэлхийн зах зээлд зэсийн үнэ өдрөөр унаж байхад Сангийн сайд харин хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Эсрэгээрээ таван телевиз дуудаж, “хөгжим” захиалахдаа “Би улсын төсвийг тодотгохгүй” хэмээн пээдийлээ. Тэвчиж болох хөрөнгө оруулалтыг зогсоож, тэндээс хэмнэсэн 500 тэрбумаар аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүй л бол жилийн эцэст 260 мянган хүн ажилгүй болж, хэдэн зуун жижиг аж ахуйн нэгж дампуурна гэдгийг эдийн засагчид, мэргэжлийн холбоодоос сануулсан ч энэ хүн харин ажлаа хийсэнгүй. Ганцхан удаа гарч ирэхдээ зээлийн хүү, үндсэн төлөлтийг хойшлуулна хэмээн “попорсон” ч банкууд ажил хэрэг болгож чадахгүй гэдгээ мэдэгджээ. Тэд төр мөнгө өгөхгүй бол бид эрсдэл үүрч чадахгүй хэмээв. Эндээс өөрөөр Сангийн сайд цар тахлын эсрэг нэг ч ажил хийсэнгүй. Монголын эдийн засаг улам бүр уруудсаар байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч нь хүртэл төсвийг тодотгох, аж ахуйн нэгжүүдээ дампуурлаас гаргах талаар уриалга гаргахад “Ерөнхийлөгч төрийн эрхийг авах оролдлого хийлээ” гэсэн ядмагхан тайлбар өгчихөөд явж байна, тэр сайд.
Улсын төсвийг Увс аймагтаа зориулчихсан, 2020 оны сонгуулиар дахин сонгогдохын төлөө төсвийн бүх мөнгийг тойрогтоо тавьчихсан учраас л эрх мэдлээрээ далайлган, иргэн, аж ахуйн нэгжүүдээр туг тахиж буй Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хэзээ хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа. Танай Засгийн газрын хамгийн муу ажиллаж буй сайд нарын нэгдүгээрт энэ хүн бичигдэж байна. Хоёрдугаарт, ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг нэрлэж болно. Өнгөрсөн хугацаанд төр өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлж, нөгөөтээгүүр, хөл хорио тогтоох зэргээр олон удаа “сандарсан”. Агаар дуслын замаар халддаг, илрэх шинж тэмдэг нь 14-21 хоног нууц байдаг covid-19 вирусийг хэн ч, хаанаас ч туссан байх эрсдэлтэй. Тэр болгонд УОК яаралтай шийдвэр гаргаж, зам хаах, хөл хориог чангатгах зэргээр шийдвэр гаргах нь тодорхой билээ. Харин тэр бүх шийдвэрийн үеэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхгүй хянах, удирдлага зохион байгуулалтаар хангах нь Ч.Улаан сайдын ажил. Гэтэл зам хаасан хоёр ч удаагийн шийдвэрийн дараа хүнсний салбарт хэд, хэдэн удаа бужигнаан үүссэнийг та бид бүгд мэднэ. Килограмм махны үнэ 20 мянган төгрөгт хүрч “галзуурсан”. Мөн бүтэн дөрвөн сарын хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ өдөр, өдрөөр өсөн нэмэгдэж байгаа ч салбар яам, тэр дундаа Ч.Улаан сайд мөн л хуруугаа ч хөдөлгөхгүй сууж байна. Хаа нэгхэн гурил, мах хангалттай байгаа гэсэн ядмагхан мэдэгдэл хийхээс өөрөөр ажил хийсэнгүй, тэр. Гуравдугаарт, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хариуцлагагүй, хайнга сайд нарын нэг болж байна.
Энэ хугацаанд автозамыг хаах шийдвэр гаргасан, удирдан зохион байгуулснаа ажил хийсэн мэтээр өмгөөлөх байх. Гэвч сайдын хөл гар гэхээс илүү Тээврийн цагдаагийн алба, ЦЕГ-ынхны үүрэг роль үүнд шууд утгаараа хамаарна. Тусгай үүргийн онгоц нисгэж иргэдээ авчрах шийдвэр ч түүний шууд удирдлага гэхээс илүү Засгийн газрын түвшинд шийдсэн асуудал билээ. Харин Б.Энх-Амгалан сайд халдварт өвчин гарсан улсаас 105 хятад иргэнийг оруулж ирнэ гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийгээд зогсож байлаа. Улс даяараа бужигнаж байхад тэр сайд л хугацаа нь хэтэрсэн замынхаа төлөө санаа чилээж, хятад иргэдийг оруулж ирнэ гэсэн шийдвэрээ өмгөөлүүлэх пиарын баг гаргаад сууж байх ажээ. Халуун зунаар хүүхдүүдэд хичээл орно хэмээн зөрүүдэлж суугаа Ё.Баатарбилэгийн хувь нэмэр ч хэтэрхий “жижигхэн” харагдаж байна, энэ өдрүүдэд. Сургууль, цэцэрлэгт нь хөл хорио тавьчихаад байхад сургуулийн захирал нь багш нарыгаа ажлын байранд нь дуудах зэргээр эрсдэлтэй үйлдэл гаргаснаас болж, гурван бяцхан үр хорвоогоос буцсан. Энэ бүхнийг зөв удирдан чиглүүлэх, хяналт тавьж байх учиртай салбар яам, сайд нь өөрсдийгөө өмгөөлсөн мэдэгдэл гаргаад л өнгөрч байсан нь саяхных. Өнөөдөр ч энэ хүн CD-ний хэрүүл хийхээс өөр дорвитой ажиллаж чадсангүй. Улс орон даяар хямрал нүүрлэж, зэс, нүүрсний үнэ унаж, улсын эдийн засагт улаан гэрэл асаж байхад Тавантолгойн хэрүүл хийж яваа Д.Сумъяабазар сайд ч хариуцлагатай ажилламаар байх юм.
Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өдрөөр унаж байхад “200 төгрөгөөр удахгүй буурна” гэсэн хоржоонтой мэдэгдэл хийгээд суумааргүй байх юм, та. Бусад улс орнууд эрчим хүчний үнээ бууруулж, тогны мөнгө авахгүй гэх зэргээр том шийдвэр гаргаж байхад байгаа, үгүй нь ч мэдэгдэхгүй яваа Ц.Даваасүрэн сайд ч гарч ирье. Та ажлаа хий. Аялал жуулчлалын компаниуд нь ар араасаа дампуурч, ирэх зун аялал жуулчлал бүрэн зогсох, дагаад маш олон амралтын газрууд дампуурах эрсдэлтэй болов. Яг ийм үед ч Н.Цэрэнбат сайдын мэдлэг чадвар хэрэгтэй байгааг нуух юун. Агаар дуслын замаар халддаг аюулт өвчний өөдөөс тусгаарлах хувцас ч байхгүй бороохойгоор хамгаалан зогсоо цагдаа нарынхаа эрүүл мэндийн асуудалд Хуульзүйн сайд Ц.Нямдорж анхаарал хандуулъя. Энэ мэтээр бийд нэмэргүй, байхгүйд гарзгүй сайд нар улс орны төлөө ажиллахаар өргөсөн тангаргаа биелүүлэхсэн. Хүн бүрийн тэр тусмаа салбар хариуцсан сайд бүхэн шаргуу ажиллаж, шаардлагатай арга хэмжээ, шийдвэр гаргаснаар бид энэхүү цар тахлыг цаашдаа ч эрсдэл багатай даван туулах учиртай юм. Тиймээс байгаа эсэх нь ч тодорхой бус сайд нараараа ажлыг нь хийлгэе, Ерөнхий сайд аа. Цар тахалтай тэмцэх нь Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хоёрын хийх ажил биш юм шүү.