“Амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй” гэсэн бичигтэй алхам тутамдаа таарч байна уу. Тэгэх ч учиртай. Бид бие биенийхээ эрүүл мэндийн төлөө, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд хаа хаанаа хариуцлагатай байх ёстой учраас тэд ийн шаардаж буй хэрэг. Энэ нь үр дүнгээ ч өгч байгаа нь харагдах. “Амны хаалтгүй бол үйлчлэхгүй гэж байна шүү” гээд амны хаалтаа зүүж байгаа олон хүнтэй хөл хорионы хугацаанд таарч байна. Бусдаас амнаа хаалт зүүхийг шаардах нь зөв. Харамсалтай дотогш ороход амны хаалт зүүхийг шаардаж буй үйчлэгч өөрөө амны хаалтгүй байх нь олонтаа. Бусдыг амны хаалт зүүхийг шаардсан хэрнээ өөрөө амны хаалтгүй байх нь тун ч зохимжгүй бас бүдүүлэг үйлдэл. Шаардаж буй шигээ өөрөө ч бас үргээ биелүүлэх ёстой юм уг нь. Ялангуяа үсчин, гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй гэсэн бичиг наасан мөртлөө өөрсдөө амны хаалтгүй үйлчилж байгаа нь бүдүүлгээс гадна маш өндөр эрсдэлийг бий болгож байгаа хэрэг.
Тэд өдөрт хэдэн хүнд үйлчилнэ, тэр хэмжээгээр эрсдэл өндөрсөнө. Муугаар бодоход өдөрт хэдэн арван хүнд үйлчилдэг тэд халдвар авлаа гэж бодоход амны хаалт зүүгээгүйгээс тэр газраар үйлчлүүлсэн хүн бүхэн халдвар түгээгч болно. Коронавирус биш юм гэхэд амьсгалын замын томуу томуу өст өвчин халдварлах энүүхэнд. Хамар нь битүүрчихсэн, ханиад хүрснээ гайхаад үс засаж байгаа үсчинтэй би л хувьдаа олон таарч байсан юм. Угтаа бол амны хаалт зүүх гэх мэт наад захын хамгаалалтыг хамгийн түрүүнд тэд хийх ёстой юм. Дэлхий даяар цар тахалд нэрвэгдсэн онцгой цаг үед бүү хэл энгийн үед ч үйлчилгээний байгууллагынхан амны хаалттай байх ёстой. Гэтэл улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, тахлаас сэргийлэхийн тулд байж болох бүхий л талаар ажиллаж байхад үйлчилгээний байгууллагынхан амны хаалтгүй олон нийтэд үйлчлээд зогсож байж болохгүй гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу.
Нүүр будах, хөмсөг шивэх гэх мэт үйлчилгээ үзүүлж байгаа нь бараг л үйлчлүүлэгчийнхээ нүүрэнд наалдаж ажилладаг. Гэтэл амны хаалтгүй бол үйлчлүүлэгчид ч хэцүү. Шаардах нэг нь шаардах ч дийлэнх нь дуугүй өнгөрч байгаа. Тиймээс хаа хаанаа хариуцлагаа өндөржүүлж, хэн хүнгүй амны хаалтаа зүүцгээе. Таны, таны хайртай хүмүүсийн эрүүл мэнд надаас, миний, миний хайртай хүмүүсийн эрүүл мэнд таниас шалтгаалж буй энэ цаг үед хайртай хүмүүсийнхээ төлөө хариуцлагатай байцгаая. Тиймээс үйлчлүүлэгчид ч мөн “Амны хаалтгүй бол үйлчлүүлэхгүй” гэж шаардах хэрэгтэй юм. Ингэж байж хаа хаанаа хариуцлага өндөржих болов уу.