Эмээ таягаа хөлөндөө түшүүлж тавиад автобус хүлээж зогсоо залуусыг /ихэвчлэн залуу охид/ ажиж сууснаа гэнэт нэг юм санасан мэт цүнхээ удтал уудлав. Тэгснээ жижигхэн толь гаргаж ирээд дээлийнхээ ханцуйд нуух мэт сэмхэн тольдохыг хараад ийн бодов. Ерөөс эмэгтэй хүн энэ ертөнцөд гоо сайхан байх гэж л төрсөн мэт. Жаргалтай, зовлонтой ямар ч цагт эмэгтэй хүн эцсийн зогсоолдоо хүртлээ гоо сайхан байх хүсэл тэмүүллээсээ салдаггүй мэт. Ханцуйдаа толь нуугаад сэмхэн тольдож буй 80 дөхсөн болов уу гэмээр жижигхэн эмээ хүүхэн хүний мөн чанарыг нүдний минь өмнө батлах шиг.
Залуу нас хэчнээн чухлыг, гоо сайхан байх хэчнээн үнэтэйг эмээгийн санамсаргүй энэ үйлдэл ухааруулах шиг. Автобус хүлээн нааш цааш гунхах залуухан охидын гоо үзэмж магад эмээг цүнхэндээ хийгээд мартсан толийг нь сануулаа болов уу. Эмээ охидыг, би эмээг ажиж зогсохдоо хэдэн жилийн өмнө бас нэгэн “гоо” эмэгтэйтээ таарснаа санав. Тэр ч мөн адил гоо сайхан байхын үнэ цэнэ, эмэгтэй хүн байхын мөн чанарын тухай хүчтэй сэтгэгдлийг үлдээсэн юм. Харахад өрөвдмөөр. Гэхдээ нэгэн бодлын атаархмаар дураараа, бас хээгүй. Хэнд ч зориулж байгаагаасаа урвахгүй гүндүүгүй мөртлөө чамирхангуй бүсгүй. Өрөвдөлтэй ч юм шиг, гунигтай ч юм шиг, эсвэл бүр инээдтэй хөгжилтэй ч юм шиг. Үнэхээр цоглог эмэгтэйтэй би найзынхаа төгсөлтийн баярт очихдоо тааралдсан юм.
Сормуусаа будаж будаж нүдээ дүрлийлгэж ирээд л сүрхий харна. Хажуугаар нь хөлхөлдөх хүмүүс рүү ямар нэгэн магтаалын үг горьдсон мэт ширтээд л. Дахин дахин нүдээ эргэлдүүлэн цавчлаад л. Тэгснээ дахиад л будна. Хамт тоглодог хүүхэддээ шинэ тоглоомоо гайхуулж, цаанаа л нэг бардам байгаа жаахан охин шиг. Тэр яг л тийм үйлдэл гаргаж байсан юм. Төгсөлтийн баяр тэмдэглэж байгаа олны дунд “хөөрхөн” бүсгүйг анзаарч байгаа нь тун цөөхөн. Өөрийг нь харж байхыг анзаарчихсан бололтой над руу их л “маягласан” /охидууд нэг нэгэн рүүгээ хараад л юмаа хөөрхдөг шиг/ харцаар ширэв татсанаа хөмсгөө будаж эхлэв. Тэгэх зуураа байн байн над руу харна.
Нэг харахаар нь эрхий хуруугаа гозойлгон хөөрхөн байна гэсэн дохио өгөхөд хүүхэд шиг хөөрч байна. Бүр илт ажиглагдах. Инээгээд л... “Хөөрхөн” эгчийн хажууд очлоо. Хөөрхөн харагдаж байна гэж яриа өдөв. Тэгсэн урдаас баярлалаа ч байхгүй гарт байсан утас руу маань харснаа чиний утас зураг авдаг уу гэж байна. “Тиймээ авна. Би зургийг чинь авчих уу” гэхэд поз авч байгаад хоёр хуруугаа хүүхэд шиг гозойлгон зургаа татуулсан элдэв маяг баг зүүгээгүй, эрх дураараа “хөөрхөн” эгчийг нууцхан тольдох эмээ сануулсан юм. Эмэгтэй хүн гэж... Ерөөс тарган туранхай, өндөр нам, царай зүснээс үл хамааран эмэгтэй байна гэдэг л өөрөө гоо сайхан ажээ.
“Эмэгтэй хүн юу хүсдэг талаархи асуултын хариулт сэтгэлээ уудлан ярилцах, эсвэл хайрцаг шоколадны хаа нэгтээ нуугддаг” гэсэн үг яагаад ч юм санаанд бууж, хөөрхөн эмээгийн тольдож суугаа дүр зураг бодогдсоор автобусанд суугаад ээж рүүгээ залгав. Цаг хугацаа хурд мэтэн алсарч, тэр урсгалд өнгийн амьдрал, баяр баясал, ухаарал сүлэлдэн урссаар...