Энэ үгийг зориуд хэлэх хүмүүс тунчиг олон байна. Тодруулбал, намынхаа залуу үед халаагаа өгөхгүй гэж мөчөөрхсөн АН-ын ах, эгч нар “Намаасаа гарна. Бие дааж нэр дэвшинэ” хэмээн айлгах, тунирхахын завсраар ар, араасаа мэдээлэл хийцгээж байх ажээ. Төв аймагт өрсөлдөх бүртээ л өвдөг шорооддог Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв намаасаа салан тусгаарлаж, бие даан нэр дэвшихээ мэдэгдлээ.
Түүний хувьд олон жил Төв аймгийг усалсан ч хэзээ ч амжилт олж байгаагүй юм. Тиймдээ ч нам нь сонгогдох магадлал илүү хэмээн тооцож Намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Туваан, АН-ын дэд дарга Х.Тэмүүжин нарыг Төв аймгийн сунгаанд явуулсан нь ийнхүү гомдох шалтгаан болжээ. Мөн АН-ын дэд даргаар ажиллаж байсан Элчин сайд асан Б.Дэлгэрмаа мөн л бие дааж нэр дэвшихээ зарлав. Сураг дуулах нь ээ, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ түүний горилж байсан тойрогт залуусыг өрсөлдүүлнэ гэсэн учраас намдаа гомдож, бие дааж өрсөлдөнө хэмээн айлгаж яваа гэх. Уг нь энэ эмэгтэй төрийн бүхий л том албан тушаалд намынхаа дэмжлэгээр очсон хүн л дээ.
УИХ-ын гишүүнээс эхлээд Элчин сайдын суудалд хэд хэдэн удаа заларчихсан. Гэвч, ханаж цадах болоогүй байсан бололтой юм. Намын үйл ажиллагаанд сүүлийн нэг жилийн хугацаанд хэтэрхий идэвхтэй байсан нь суудал горилсон, тойрог авах гэсэн санаархал төдий байжээ. Ялагдахад нь сүүлээ хавчиж зугтчихаад ялахад нь туг өргөөд гараад ирдэг хүмүүсийн нэг байсан гэж хэн санах билээ.
Мөн Хотын дарга асан Э.Бат-Үүл нь энэ жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэж байна. Энэ хүн уг нь ийм арчаагүй улс төр хийж явах хүн биш. Нэр төр, зангараг юм бүхнээрээ тэргүүлж байх ёстой ч нөгөөх л өс хонзонгийн улс төрдөө хэтэрхий гүн шигдчихээд гарч чадахгүй явна. “З.Энхболд хаана нэр дэвшинэ би тэнд бие дааж нэр дэвшинэ” хэмээн айлгав. Ард түмэн, сонгогчид хэзээ ч хэн нэгний өс хонзонгоо авах хэрэгсэл болох учиргүй. Нам нь түүнийг тоохгүй байлаа гээд, З.Энхболд рингэн дээр түүнтэй “тулалдлаа” гээд ард түмнийг, сонгогчдыг ашиглаж өс хонзонгоо авна гэдэг бол арай л хэтийдсэн тэнэглэл. Тэр хаана нэр дэвшинэ, би тэнд өрсөлдөнө гэсэн энэ мэт балайрал сүүлдээ улам бүр хүчээ авч байх аж. Ард түмэн угтаа тэдний өшөө хорслоо авах хэрэгсэл болж байгаа хэрэг. Үнэгүй хошин шог гэдэг л энэ байх.
Нэгэн цагт АН-ын даргаар ажиллаж, намдаа ялалтын туг босгож явсан Н.Алтанхуяг мөн л “Ардчилсан нам намайг хөөчихлөө. Би бие дааж өрсөлдөнө” хэмээн мэдэгдлээ. Түүний хувьд фракцийн зодооныхоо тунг нь хэтрүүлж, нам дотроо багтаж шингэж чадахгүй болтлоо улстөржсөн нь худлаа биш. Намаа муухай харагдуулах зүйлсийг тэд өөрсдөө л хийсэн.
Таван хэсэг болгож тараасан фракциудын зөрчил нь эцэстээ АН-ыг аврах биш алаад дуусгах байсан учраас л шаардлагатай нэгнийг хөөж, намаас хасахаас өөр аргагүй байсан гэдэг. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгчээр ардчиллын лидерүүдийн толхилцооны тэргүүн эгнээнд нь Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар манлайлж явсан нь бас худлаа биш юм.
Тийм атлаа өнөөдөр тойрог өгөөгүйнх нь төлөө намдаа туниж, намын даргаасаа өс авахын тулд өрсөлдсөн тойрогт нь очно хэмээн айлгаж, өсөрхөж явах шаардлагагүй юмсан. Монголын улс төрд шинэ залуу үе ирчихлээ. АН-д ч чадалтай, мэдлэгтэй залуус олон бий. Ах, эгч нарынхаа далласан газарт ил гарч, далайсан газарт далд орж явсан ч одоо тэдний үе, тэдний цаг ирчихээд байна. Тиймээс залуу үедээ зайгаа тавьж өгөх бус эсрэгээрээ тэднийг нухчин дарах гэж, ирж яваа үеийнхээ дууг дуулах гэж орон зайг нь булаацалдах нь хэр зохистой юм бол. “Ирж яваа цагийн дууг харьж яваа үе дуулдаггүй” гэдэг хатуу боловч үнэн үгийг АН-ын ах, эгч нарт зориулъя. Улс төрд өрсөлдмөөр байгаа бол, оролцмоор байгаа бол түүнийгээ чимээгүй л хий. Бие дааж өрсөлдөөд гарч ирж чадаж байвал окей. Гэтэл өс хонзонгийн улс төр хийж, талцал хуваагдлаа зарласаар яваа нь хэр зохистой вэ. Нэгэн цагт эгнээнд нь явсан намаа, намын удирдлагуудаа, намынхаа залуу үеийг нухчин дарж, тэдний дээр гишгэж урагшлах гэж улайрах хэрэг юу байна вэ.