Ийм яриа хэдийнэ амнаас ам дамжин яригдаж, дараагийн танхимын сайд нарын тохироо ч ил далдхан хийгдэж эхлэв. Гэвч МАН-ынхан үүнийг үгүйсгэж буй. Хаалттай хаалганы цаадах хэрүүлээ нуухыг оролдсон ч хайрцагладаг байсан тэр цаг нь ард хоцорсныг ойворгон залуусынх нь увайгүй үйлдэл нотолсоор байх аж. Харин аядуу зөөлөн дарга аргадсан хэвээрээ л байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс харин зоригтой алхам хийж, дараагийн УИХ-ын даргын сунгаа эхэлчихлээ гэх “зар” тараасан гэх. МАН-ын хоёр фракцийн даргын сөргөлдөөн нэг зүйл дуулгах нь тодорхой болов. Харин наадмын дараа юу, өмнө үү гэдэг нь цаг хугацааны асуудал байх нь.
Тэд нэг талдаа гарч, албан болон албан бус бүлгийн маргаанд эцэс тавихаар шийдсэн нь энэ өдрүүдэд өрнөж буй улс төрийн талцал хэрүүлээс бэлхнээ харагдлаа. Ерөнхий сайдын ахалсан 32-ын бүлгээс 60 тэрбумын хэргийг аядуу зөөлөн даргаа суудлаас нь буулгах барьц болгосон бол сөрөг талаас ирж буй дайралт Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байлаа. Засгийн газрын бүх шийдвэрийг шүүхээр хэлэлцүүлэхгүй гэсэн өөрчлөлт хуульчид байтугай улстөрчдийг тэр дундаа МАН-ын 32:32-ын дунд маргааны сэдэв болсон юм. Өчигдөр энэ хууль чуулганы танхимд орж ирсэн ч АН-ын зүгээс тав хоногийн завсарлага авснаар дуулиан хэсэгтээ л намжих нь.
Гэвч бадарчин баярлах болоогүй байна. Хуваарь ёсоор чуулган баасан гарагт буюу маргааш хаана гэж тооцвол энэ хууль намрын чуулган хүртэл хойшлох, эс бөгөөс ээлжит бус чуулган руу орж ирнэ. Оруулах сонирхол ч Ц.Нямдорж тэргүүтнүүдэд бий. Оюутолгойн төсөлд шалгалт хийсэн ажлын хэсэг чуулганы хугацааг сунгах, ээлжит бус зарлах хүсэлт тавина гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тэр тохиолдолд дараагийн Засгийн газарт үлдэх тохироо хийсэн хэмээн яригдаж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн улайрлаар УИХ-д орж ирэх магадлал ч нэмэгдэх билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарын хэн хэнийх нь суудал ганхаж байна.
Үүнийг мэдсэн улстөрчид ч албан тушаалд хүрэх бэлтгэлээ базааж, ил далдхан сайдын суудал ярьж эхэлжээ. М.Энхболдын ахалсан 32-ын бүлгийн зүгээс өмнө бичсэнчлэн дараагийн Ерөнхий сайдад Ц.Мөнх-Оргилыг нэр дэвшүүлэхээр хурлын даргын өрөөнд сэмхэн тохирч, штабыг нь хүртэл байгуулсан гэх яриа чих дэлсэв. Энэ нь ч үнэний магадлалтай. Мөн түүний танхимд сугарч үлдэх хоёр сайдын нэр ч тодорхой яригдаж, У.Хүрэлсүхийг унагах бүх нүх сүв, хуулийн ноцтой зөрчил, алдаа мадгийг эрж яваа гэх яриа эгэл иргэдийн дундаас биш улстөрчдийн өрөөнөөс дуулдаж эхэлсэн нь нэгийг хэлэх биз.
Хэрвээ энэ удаа МАН-ынхан танхимаа унагаж гэмээнэ УИХ нь ч адилхан тарахаас өөр аргагүй болно. Найр наадам эхэлсэн энэ өдрүүдэд нам доторх зодооноо төрийн зовлон болгохыг тэд хүсч байгаа. Учир нь иргэдийн анхаарал төрийн зодоонд бус наадамд чиглэнэ гэж сэтгэсэн учраас тэр биз. Бас хөлбөмбөг хэмээн хөөрцөглөж явах зуурт танхимаа хөмөрч орхиод, гуравдугаар ээлж нь хоолондоо орох гэж оролдож байна, тэд. Гэвч ард түмэн тэнэг биш. Төрийн толгойд “бандааш”-ны хэрэг хэлэлцэж, унтсан унтаагүйгээ ярилцан булайгаа чирч байгаа улстөрчдөөс салах арга олдож л таарна. Тэмцэж, жагсаад ч хамаагүй тэднийг огцруулж дөнгөх чадал ард түмнээс гарна гэдгийг тэд мэдэхгүй байна. Бас ард түмнээ ч доромжилж чадаж байна. Засгийн газар одоо огцорч гэмээнэ МАН-д ямар ч ирээдүй үлдэхгүй. 90 гаруй жилийн түүхээ ярьсаар энэ улсад түүх болон үлдэх сонголт л хийлээ гэсэн үг гэдгийг хатуухан сануулъя.