ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Ням-Очир: Давтлага хичээлд заавал хамрагдахыг шаардахгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-08

Засгийн газрын тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар  ЕБС-ийн 2019-2020-ны хичээлийн жилд төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-д бэлтгэх зорилгоор сургууль дээр нь давтлага өгөхийг зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор сурагчдын давтлага тавдугаар сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжлүүлэхээр болжээ. Энэ талаар  БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ, “Боловсролын сайдын тушаалаар аймаг, нийслэлийн ЕБС-ийн удирдлага болон багш нарт  ямар заавар  чиглэл өгөх,  хэрхэн зохион байгуулах талаар албан ёсны зааврыг  баталсан. Улсын хэмжээнд 596 сургууль дээр давтлага хичээлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн.

Нэг ангид 10-15 хүүхэд давтлага хичээлд хамруулж,  ЭЕШ өгөх хичээлүүдээр нь бүлэг болгож зохион байгуулахаар  боллоо. Ингэхдээ хүүхдийн суудал хоорондын зайг 1.5 метр байлгах гэх зэргээр мэргэжлийн байгууллагаас гаргасан эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахина.Заавар, зөвлөмжүүдийг ЕБС-д хүргүүлээд байна. 

БҮТ-д ЭЕШ-д  бэлтгэж байгаа хүүхдүүдэд давтлагын хуваарь боловсруулах зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжид,  давтлага хичээлийн  хуваарийг хэрхэн яаж боловсруулах,  нэг өдрийн ачаала,  өдөрт хэдэн цагаар хичээллэх зэргийг шалгалт өгөх хичээлийн  тоогоор баримжаалж,  хуваарт оруулах юм.    Түүнээс гадна сурагчдын орох, гарах урсгалыг мөн тооцоолсон. 

Энэ онд 31 мянга орчим хүүхэд ЭЕШ өгөх бөгөөд нэг хүүхэд дунджаар гурван хичээлээр шалгалт өгөх тооцоолол байна. Тиймээс гурваас дээш тооны хичээлээр шалгалт өгөх бол сонголтоор гурван хичээлийн давтлаганд суух боломжтой. Гэхдээ давтлага хичээлд  заавал хамрагдахыг шаардахгүй” хэмээлээ.

Д.Оюун-Эрдэнэ