ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусээр өвчилсөн иргэдийн биеийн байдал болон нэмж шинэ тохиолдол илэрсэн эсэх талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 266 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд эерэг тохиолдол бүртгэгдээгүй сайхан мэдээг дуулгав.
Д.Нямхүү дарга хэлэхдээ “ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан таван хүнээс тус тус вирус илрээгүй. Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн 12 тээврийн тэрэгний жолоочоос мөн илрээгүй. ОХУ-аас оюутнуудаа авахаар бэлтгэлээ хангаж байна. Маш өндөр голомттой улс орноос ирж байгаа учраас онцгой анхаарч ажиллана” гэлээ. Харин ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Бид 2020 оны нэгдүгээр сараас хойш нийтдээ 316 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, тусгаарлаж, ХӨСҮТ-д оношилсон. Эдгээрээс вирус илрээгүй, 78 хувь нь амьсгалын замын цочмог өвчинтэй байсан.
Зөөвөрлөгдөн орж ирсэн батлагдсан 42 тохиолдлын ихэнх нь эх орондоо ирээд 2-14 хоногийн дараа 1-3 удаагийн шинжилгээгээр тодорхой боллоо. Нийт батлагдсан тохиолдлын 60 орчим хувь нь ОХУ-аас орж ирсэн. 45 хувь нь эрэгтэй, 55 хувь нь эмэгтэй байлаа. Дундаж нас нь 30. 12 наснаас доош хоёр тохиолдол, 50-аас дээш долоон тохиолдол бүртгэгдлээ. Өвчтөнүүдийн 10 гаруй хувь нь хүндэвтэр, долоо орчим хувь нь маш хүнд гэсэн оноштой ирсэн. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдын 27 нь эмчлэгдэж байна. Өнөөдрийг хүртэл вирус судлалын лабораторид 11 мянга гаруй шинжилгээ хийлээ. Вирус судлалын зургаан лаборатори ажиллаж байна” гэлээ. ОХУ-аас нийтдээ 346 оюутан өнөөдөр гурван онгоцоор ирэх юм байна. Эдгээр оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Багабаян амралт, “Токио инн” зочид буудлуудыг бэлтгэжээ. ОХУ-аас ирж буй оюутнууд дунд өвдөөд эдгэрсэн, өвдсөн байх шинж тэмдэгтэй, өвчтэй хүнтэй хавьтал болсон хүүхдүүд байгаа учраас ирэнгүүт нь шинжилгээ авахаар бэлтгэлээ хангаж эхэлжээ. Шуурхай хариу арга хэмжээний дөрвөн баг бэлтгэлээ бүрэн хангасан байна. Дэлхий дахинд шинж тэмдэггүй өвчилж байгаа иргэд олон байгаагаас гадна жингийн илүүдэлтэй хүн хүндээр өвдөж байгааг мөн сануулав.