Сүү цагаа, үнээ малын ажил буцалсан малчны хотонд өссөн болоод ч тэр үү хөдөөгийн амьдрал цаанаа л дотно, дулаахан санагддаг юм. Тоодон дээл өмсөж, малын захаар дэгдэх хөдөөгийн бор жаалуудыг харахаар тэртээд үлдсэн хүүхэд нас санаанд орж, уярал төрнө. Сэтгүүлч миний бие саяхан нутагтаа амарч явахдаа хүүхэд насны дурсамжыг санагдуулсан хөөрхөн шар жаалтай танилцсан юм.
Тавхан настай хэдий ч биедээ ахадсан их ажлын эзэн “том” эр. “Би бага байхдаа” гэж ирээд ярих нь хайр татам. Миний “том” найзыг А.Болд-Эрдэнэ гэдэг. Тэрбээр эдүгээ таван настай бөгөөд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Тэнгист өвөлжиж байгаа Агваандэндэв гэх айлын бага хүү. Есөн настай ах нь сумын сургуульд явсан учраас хоёр нарны хооронд хөдөлмөрлөх аав, ээж хоёртоо туслах их үүрэг түүнд оногджээ. Ер нь бол хөөрхөн Болдоо П.Агваандэндэв гуайн том ар тал.
Түүний ажил өглөө аав, ээжийгээ даган малаа бэлчээхээр эхэлнэ. Малчны амьдралын жамаар аав, ээж нь ургах нарнаас үдшийн бүрий хүртэл борви бохис хийлгүй хөдөлмөрлөх аж. Хоёр нарны хооронд зүтгэж байж өсгөсөн малаа хээрийн боохойд тавьж туучихгүйн тулд аав нь өглөө хонио тууж гараад үдэш гэртээ ирнэ. Харин ээж нь бэлчээрт гарсан бусад бод малаа өдөрт нэгээс хоёр удаа эргэх үүрэгтэй.
Энэ хооронд А.Болд-Эрдэнэ хүү гэрээ сахиж, тэжээлийн тугалаа өвслөх, цас шуудайлж авчирч, түлээгээ оруулах гээд гэрийн бүхий л ажлыг амжуулж дөнгөнө. Энэ бүх ажлыг хийж байгаа хүн нь ердөө л тавхан настай. Өөрөөсөө том шуудай аваад цасандаа явах жаахан хүү шуудайныхаа талаас доогуур цас хийж, модон чаргандаа ачаад дааж ядан чирсээр гэртээ ирнэ. Сурамгай нь аргагүй хашааны завсраар шурган орж, тэжээлийн тугалдаа жижигхэн тэврээрээ бараг хорин удаа зөөж байж тугал цадах хэмжээний өвсийг өгнө.
Хашааны завсраар оролгүй хаалга онгойлгож орно гэвэл эргүүлээд хааж чадахгүйд хүрч, ажлын хариуцлага алдах учраас тэрбээр ийнхүү гэр хороо хоёрын хооронд тусгай жим гаргажээ. Ингээд л түлээ оруулах ажилдаа орно. Түүний тэвэр дөрөв, таван мод аваад л дүүрчихнэ. Өвөлжөөний айлд түлээний дөрөлжөө овойтол дүүргэхээс нааш хоногтоо хүрэхгүй. Гэвч ажилсаг А.Болдоо дөрөв дөрвөөр зөөсөөр өвлийн том дөрөлжийг төвөггүй дүүргэж орхино.
Энэ бүх ажлуудаас хамгийн хэцүү нь цасанд явах гэнэ. Яагаад гэвэл хүн малын хөлд тэвээлэгдээгүй цэвэрхэн цас авахын тулд ой дундуур нэлээд хол явах хэрэгтэй аж. А.Болд-Эрдэнэ зоригтой байх гэж хичээх боловч ганцаар ой дундуур явна гэдэг амаргүй даваа. Хээрийн шувууд, өвлийн ой дахь элдвийн чимээ гээд айдас хүргэх зүйл бишгүй олон. Ингээд айхгүй гэсэндээ аль болох чанга дуулж явдаг гэнэ. Энэ тухайгаа ярихдаа “Би цасанд явахдаа бараг айдаггүй. Бүдүүн хоолойгоор чанга дуулаад явбал чоно зоригтой юм байна гэж мэдээд айгаад зугтаачихна” гэж ярих нь өхөөрдмөөр бас гайхмаар хэрсүү. Таван настай нялх амьтан байтугай нас биед хүрсэн хүн ч ойд явах амар биш.
Түүнийг айлгадаг бас нэг зүйл бол модны хожуул. Яагаад гэдгийг нь хэлдэггүй ч тэрбээр модны хожуулаас их айдаг гэдгийг ээж нь ярив. Энэ бүх ажлыг хийж чадаж байгаадаа урамшин, улам сайн хийж, аавыгаа ирэх үед “сайн хүү”, “эр хүн” гэж магтуулах нь түүний хувьд энэ бүх хичээл зүтгэлийн үр дүн. “Миний хүү эр хүн. Хүчтэй болж байна даа” гэж магтуулан, аавтайгаа зэрэгцээд, үдийн цайгаа ууж суух юутай ч зүйлэмгүй бахархалт мөч аж. Ээж нь үүрээр босч цайгаа чанахтай зэрэгцэн боссон А.Болд-Эрдэнэ өдөржин малын хороо, гэр зуурын ажлын хооронд дэгдэнэ.
Завсар зайгаар нь мэдээж, аавынхаа урлаж өгсөн модон чаргаар гулгах ажилд зав гаргана. Модон чарга бол аглаг тайгын Болдоогийн салшгүй нэг хэсэг нь. Ажлаа хийж байхдаа ч, саахалтындаа очихдоо ч, ер нь хаана ч явсан түүнийгээ чирээд л явна. Хааяа чарга Болдоо хоёр хариуцлага алдаж, түлээгээ оруулж, цасаа авчрах ажлаа хоёрдугаарт тавиад үд өнгөртөл гулгачихдаг гэнэ. Дахиад ингэхгүй гэдэг амлалтыг аавдаа өгч, хэсэгтээ л яс ажилладаг тухай аав нь өхөөрдөн ярина.
Хамгийн гайхалтай нь таван настай Болдоо хасах 40 градусын хүйтэн Хөвсгөлийн тайгад дүн өвлийн хүйтнээр ийн өдөржин гадаа явахдаа ороолт зүүнэ гэж байхгүй. Ээжийнхээ хийж өгсөн хурган дотортой чихтэй малгайгаа тавьчихад л хангалттай. Гадуур хэчнээн ч удаан явсан хацрынх нь улаан тодорч, хамраас байнга урсдаг “өнөөх” нь л ихэснэ үү гэхээс нүүр ам нь хөлдөнө гэж байхгүй. Гэхдээ тэрбээр нусаа гоожуулаад, уруу дорой царайлж явах эр биш. Гоожоод ирэнгүүт ханцуйгаараа ганц шудраад л цэвэрхэн.
Түүнээс том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ гэж асуухад “Зоригтой, буутай бас дэлхийн бүх мориноос хурдан морьтой болно” гэв. Түүний аав сумын алдарт уяач. Ажилсаг Болдоо хөлд орсон цагаасаа л аавыгаа даган хурдан морьдын уяагаар дэгдэж өссөн нэгэн. Тийм ч учраас том болоод аав шигээ, аавынхаа уяаны ах нар шиг хурдан морьтой болохыг мөрөөддөг. Одоохондоо тэрбээр уяачдын гал дээгүүр шинэсний мөчрөн морио унаад, жийгүүлж яваа. Нэг л мэдэхэд сайран хацартай жаахан улаан Болдоо эрийн цээнд хүрч, хүлгийн хурданыг унах биз ээ.